Улс төр
22
2016.05.13. 19:56 185 0

Сонгуулийн хуультай холбоотой асуудлыг АНУ-ын элчин сайдтай хэлэлцжээ

 УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Зимдалл Галттай өнөөдөр уулзалт хийлээ. Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хуулийн талаар хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь  удахгүй болох УИХ-ын сонгуулиар  хууль тогтоох дээд байгууллагын 76 суудлыг мажоритар сонгуулийн системээр явуулах боломжтой болсныг, мөн парламент дах эмэгтэйчүүдийн квотыг 20 болгон бууруулсан нь эмэгтэй улс төрчдийн дуу хоолой  хууль тогтоох дээд шатанд дутагдах шалтгаан болж байгааг уулзалтын үеэр өгүүлжээ. Мөн түүнчлэн  уулзалтаар 2016 оны 9-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх эрүүгийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцжээ. Энэ үеэр АНУ-аас Монгол улсад  суугаа элчин сайд Зимдалл Галт 1998 онд онц хэрцгийгээр амь насаа алдсан УИХ-ын гишүүн агсан С. Зоригийн бэлэвсэн эхнэр Б. Булганыг удаан хугацааны туршид цагдан хорьж байгаа явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Б. Булганыг өнгөрсөн 2015 оны 11-р сарын 14-нд цагдан  хорьсон юм. УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл Б. Булганы эрхийг хамгаалах талаар чадах бүхнээ хийнэ гэсэн амлалтыг өгчээ.

0 сэтгэгдэл байна.