Улс төр
22
2016.12.14. 13:54 355 0

АН-ын даргад өрсөлдөхөөр 4 хүн нэрээ бүртгүүлжээ

УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхээ алдсан Ардчилсан нам арванхоёрдугаар сарын 6,7-нд зургадугаар Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон. Ардчилсан намын хуучин дүрмээр намын даргаа ҮЗХ-ын олонхийн саналаар сонгож, ИХ хурлаас батламжилдаг байсан юм. УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа  намын дарга З.Энхболд хүлээж Ардчилсан намын даргаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Тиймээс Ардчилсан намын шинэ дарга тодруулах үйл явц улс төр сонирхогчдын хүрээний анхаарлыг татаад байгаа юм. Их хурлаас батлагдсан дүрмийн заалтын дагуу Ардчилсан нам нэр дэвшигчдээ бүртгэж дараа нь сунгаагаа явуулах юм.  Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 17 хүртэл үргэлжлэх юм байна. Тодруулбал, Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн бүртгэл ирэх бямба гариг хүртэл явагдах юм. Харин бүртгэл эхэлснээс хойш нэр дэвшигчид хөдөө орон нутгаар хамтдаа явж, мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчдэдээ танилцуулах юм. Үүнд 2.5 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд нэр дэвшигчдээсээ хувааж гаргуулахаар Их хурлаасаа шийдвэрлэсэн байна. Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр одоогоор дөрвөн хүн нэрээ бүртгүүлжээ. Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нарын Ардчилсан намын даргын сунгаанд оролцохоор болж байна. Шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодорно. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс намын шинэ даргаа цагаан сараас өмнө тодруулна гэж байсан юм. "Ардчилсан нам 180 гишүүнтэй бөгөөд  надаас бусад нь нэр дэвших эрхтэй” гэж З.Энхболд намын их хурлаар шийдвэрлэсэн асуудлаа хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж З.Энхболд шинэ намын даргын төлөөх сунгаанд оролцохгүй, бусад бүх гишүүдэд нээлттэй гэдгийг зарласан. Гэвч, намын даргын сонгуулийн зардал өндөр, түүнийгээ нэр дэвшигчдээс гаргуулахын тулд нэг нэр дэвшигчээс 250 сая төгрөгийн хандив авахаас өөр аргагүй  гэж Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулж байгаа улс төрчид тайлбарлаж байгаа.  Тиймээс нэр дэвшигчид энэ мөнгийг өөрсдийнхөө халааснаас гаргах юм уу эсвэл гишүүд дэмжигчдээсээ хандив гуйх замаар бүрдүүлж болно гэлээ. Намын даргад нэр дэвшиж буй хүмүүст зөвхөн саналын эрхтэй гишүүд саналаа өгнө. Тодруулбал, татвараа төлсөн Ардчилсан намын гишүүн бүр намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх боломжтой юм байна. Эх сурвалж: News.mn

0 сэтгэгдэл байна.