Улс төр
22
2015.12.24. 06:06 207 0

Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.



УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачилсан Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүнийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.



Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулан УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар, УИХ-ын зарим гишүүн зэрэг 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хуулийн төслүүдийг нэгтгэн 2015 онд багтаан Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор ажлын дэд хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулан байгуулсан юм.



Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр, О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Х.Болорчулуун нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд, төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, тус байнгын хорооны дарга А.Бакей хийлээ.




Одоогийн 48х28 буюу холимог тогтолцоог хэвээр хадгалах зарчмын өөрчлөлтийг тусгана 




УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн, УИХ-ынгишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлснийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж байнгын хороооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.



Улсын Их Хурлын даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 248 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар удирдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Батчимэг, С.Оюун, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй Сонгуулийн хуулийн төсөл болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан болно. Мөн түүнчлэн тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан.



Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 4 удаа, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдав. Ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг суурь болгож байгаа бөгөөд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгахаар бэлтгэв. Үүнд:




  1.     Одоогийн 48х28 буюу холимог тогтолцоог хэвээр хадгалах,

  2.     Улсын Их Хурлын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр 1 тойрог байсныг бүсчилсэн 5 тойрог болгох, бүсчилсэн тойрогт суудал хуваарилах,

  3.     Санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болгох,

  4.     Улсын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нэг байхаар зохицуулах нь зүйтэй хэмээн үзсэнийг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.



Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, Г.Уянга, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Я.Содбаатар, Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Л.Цог нар ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс асуулт асууж тодруулсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын гаргасан хуулийн төслийг зүйл заалт нэг бүрээр хэлэлцэх горимын саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эвслийн бүлгээс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол зарчмууд сонгуулийн нэгтгэсэн хуулийн төсөлд тусгагдаагүй, сонгуулийн хуулийн асуудлаар улс төрийн намуудын зөвшилцөл бүрэн хийгдээгүй гэж үзэж байгаа тул хуулийн төслөө тусад хэлэлцүүлэхээр эвслийн бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зурж баталгаажуулаад байгааг мэдэгдсэн юм.



Ингээд байнгын хорооны хуралдаан цаг сунган хуралдаж, Сонгуулийн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 20, найруулгын шинжтэй 21 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийн 22.2 дахь хэсгийн “нэг тойрог” гэснийг “бүсчилсэн таван тойрог болно” гэж өөрчлөх, 121.4 дэх хэсгийн “26 мандаттай тойргоос” гэсний дараа “28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 22.2-т заасан бүсчилсэн тойргоос тус тус” гэж өөрчлөх, төслийн 86.1.1 дэх хэсгийг “Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийн нэрийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар” гэж өөрчлөн найруулах, төслийн 85.6 дахь хэсэгт “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтын энэ хуулийн 22.2-т заасан бүсчилсэн тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр тогтлоо. Мөн төслийн 98.13 дахь хэсгийг “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.



Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс бичгээр 6 санал ирүүлснээс зарим санал нь хуулийн төсөлд байгаа, зарим нь ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд туссан гэж үзээд үлдсэн саналаар нь санал хурааж шийдвэрлэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ удаа шууд хэлэлцэх бэлтгэл хангагдаагүй тул ажлын хэсэг ажиллах шаардлагатай гэдгийг байнгын хорооны дарга мэдэгдсэн юм.



 

0 сэтгэгдэл байна.