Эдийн засаг
22
2016.09.8. 16:55 375 0

Японы зах зээлд өрсөлдөх Монгол аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр байна

Монгол, Япон 2 улсын хооронд эдийн засгийн  түншлэлийн гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Японы зах зээлд гарах сонирхолтой Монголын аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Тодруулбал, энэ хугацаанд Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг 50 гаруй аж ахуйн нэгжүүд авч, Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах эрхтэй болсон байна. Энэ жилийн 9-р сараас л гэхэд Экос компани хонины ноосоор хийсэн дулаалгын бүтээгдэхүүнийг Япон улсад нийлүүлж эхлэх юм. Ингэхдээ дотоодын зах зээлд гаргаж байгаа үнээсээ 20 хувиар нэмэгдүүлж экологийн цэвэр гаралтай барилгын материалыг гаргахаар төлөвлөжээ. Мөн Витафит компани бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргах бэлтгэлээ базааж, тус улсад реклам сурталчилгаагаа эхлүүлсэн байна. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Говь, Ханбогд Кашемир  зэрэг аж ахуйн нэгжүүд Японы компаниудтай шинээр хамтран ажиллах гэрээ байгуулахаар бэллгэл ажлаа явуулж байгаа юм байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулснаар гадаад зах зээлд Монгол бараа бүтээгдэхүүн өрсөлдөх боломжийг тэлж байгаа юм гэсэн байр суурийг үйлдвэр эрхлэгчид өгүүлж байгаа юм. Харин Монгол улсад импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний 80 хувийг автомашин эзэлж байна. Энэ жилийн эхний 7 сарын байдлаар  Монгол улсад орж ирсэн нийт автомашины 85 хувь нь Япон улсаас нийлүүлэгджээ. Автомашины үнэ 6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч импортын үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 8 сая ам доллараар давсан байна. Энэ нь иен төгрөгийн ханш энэ хугацаанд 20 орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байна.

0 сэтгэгдэл байна.