Эдийн засаг
22
2019.01.29. 13:57 60 0

Хятадын эдийн засгийн “толь бичиг” хэвлэгдэн гарлаа

Шинэ зуунд Хятадын эдийн засаг дэлхийд ноёрхох болсон тул олон улсад түүний өсөлт хөгжлийн шалтгааныг судлах, ухаж ойлгохыг ихэд хичээсээр байна. Тэгвэл энэ талаар тодорхой ойлголт өгөх нэгэн бүтээл монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Тодруулбал Лиу Вей, Су Жиан нарын "Хятадын эдийн засгийн хөгжлийн зам” нэртэй бүтээл гарч, манай эдийн засагчид болон хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сонирхон судалдаг хүн бүрийн талархлыг хүртээд байна. 
"Хятадын эдийн засгийн хөгжлийн зам” бүтээл "New normal”-ын эдийн засгийн шинж чанар, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийн практик хийгээд логик, хөрөнгийн зах зээлийн судалгаа гэх мэт чухал салбаруудыг хамран бичигдсэн байна. Үүгээрээ дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч гүрний эдийн засгийн шинэ чиг хандлагын нөхцөл байдлын эсрэг шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэхийн ач холбогдол хийгээд үүний зэрэгцээ учирч болох хүндрэл бэрхшээлийг тайлбарласнаараа энэ бүтээл уншигчдын анхаарлыг татаж байна.

Хятадын эдийн засгийн “толь бичиг” хэвлэгдэн гарлаа

Номын эхний  хэсэгт Хятадын эдийн засагт 2008 оноос үүссэн шинэ чиг хандлага болох  "New normal”-ын онцлог шинжийн тухай өгүүлжээ. Мөн "New normal” дахь бодит чиг хандлагыг тодорхойлсон байна. Ийнхүү ном болгон тоорхой асуудлуудыг тайлбарлаж Хятадын эдийн засгийн хөгжлийн замыг тодорхойлсоноороо онцлог юм. 
Хоёрдугаар хэсэгт Хятадын эдийн засгийн эрүүл хөгжил дэх шинэчлэлийн чухал мэдээллүүдийг тусгажээ. Гуравдах хэсэгт нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийн талаар голлон анхаарч тусгай төлөвлөгөө боловсруулсан байна. Номын дөрөвдэх хэсэг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг задлан шинжлэх замаар бодит байдлыг нотолсон бол тав дахь хэсэг нь Хятадын хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг хоёр өнцөгөөс авч үзжээ. Номын зургаа дахь буюу сүүлийн хэсэгт юаны ханшийн тухай өгүүлэхдээ Хятадын эдийн засагт богино хугацаанд ихээхэн дарамт учирч байгаа хэдий ч урт хугацаанд юаны ханш сулрах үндэслэл байхгүй гэдгийг онолын хувьд баталсан байна. 
Энэ номын ерөхий агуулгад 2008 оноос Хятадын эдийн засагт гарсан "New normal” чиг хандлага болон нийлүүлэлтийн менежментийн талаар зохиогчдын сүүлийн жилүүдэд бичсэн өгүүллүүд болон Бээжингийн их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн шинжээчдийн бичсэн Хятадын эдийн засаг, санхүүгийн асуудлын талаар судалгааны тайлангуудыг нэгтгэн гаргаснаараа онцлогтой ажээ. 
Ийнхүү Хятадын эдийн засгийн хөгжлийн зам, түүний мөн чанар, чиг хандлага, чухал асуудлуудыг тусгасан уг бүтээл хятадын эдийн засгийн "толь бичиг” болсон байна. 

0 сэтгэгдэл байна.