Уул уурхай
22
2016.10.12. 11:19 454 0

Оюу Толгойгоос Монголчууд 10 жилийн хугацаанд ноогдол ашиг авахгүй

Рио Тинто компанийн ерөнхий захирал Жан Себастьян Жак саяхан Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа Монголчууд Оюу Толгойн далд уурхайгаас ойрын 10 жилийн хугацаанд ноогдол ашиг авч чадахгүй гэдгийг дурьджээ. "Оюу Толгой урт хугацаанд хэрэгжих төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Дэд бүтцийг барьж байгуулахад бидэнд 5 жил, үйлдвэрлэлээ эхлүүлэхэд 7-9 жил шаардагдахаар байгаа. Тогтвортой байдалд хүрэх хүртлээ буюу ойрын 10 жил бид хэнд ч ноогдол ашиг өгөхгүй” гэж тэрээр өгүүлсэн юм. Жан Себастьян Жак тэргүүнтэй Рио Тинто компанийн ТУЗ-ын гишүүд саяхан манай улсад ирж Оюу Толгойн үйл ажиллагаатай танилцан, засгийн газартай өнөөгийн болоод ирээдүйн үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.  Концернийн ерөнхий захирал Монгол улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай уулзалт хийснийхээ дараа: "Бидний үйл ажиллагаа ямар түвшинд байгаа, бидний хамтарсан төслийн талаар Ерөнхий сайдтай нээлттэй ярилцлаа. Зэсийн далд уурхайн өргөтгөлийн барилгын ажил бүрэн хэмжээнд хийгдэж байна. Төсөл дээр 1600 орчим хүн ажиллаж байна. Жилийн сүүл гэхэд ажилчдын тоог 2400-д хүргэх төлөвтэй байна” гэсэн юм. Энэ жилийн эхний нэгдүгээр хагаст Рио Оюу Толгойгоос 53 сая ам долларын  орлоготой ажилласан боловч Монгол улс Туркойз Хилл компанид ойролцоогоор 1 тэрбум ам долларын өртэй гэдгийг тэрээр мэдээлсэн юм. Өнгөрсөн 12-р сард Рио Тинто 1,3 тэрбум ам долларын татвар, Монголын засгийн газарт  төлөх бусад төрлийн төлбөрийг төлсөн гэж байна. 2015 онд нийтдээ 278 сая ам долларын татвар  төлжээ. Оюу Толгойн нөөцийн 66 хувийг Туркойз Хилл компани, үлдсэн хувийг Монголын төрийн өмчит Эрдэнэс Оюу Толгой ХХК эзэмшиж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.