Нийгэм
22
2016.05.27. 19:25 192 0

Хар тамхины наймааны Хятадын сүлжээний золиос нь Монголчууд болж байна.

2016 он гарсаар Хятад улс  руу хар тамхи нэвтрүүлэхийг завдсан гэсэн хэргээр Монгол улсын 6 иргэн баривчлагдан саатуулагдаж, хуулийн хариуцлага хүлээжээ. Тэдгээр иргэдийн нэг нь 15 жилийн хорих ял шийтгэл хүлээсэн бол үлдсэн тав нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд саатуулагдаж байна. Хятад улс хар тамхитай тэмцэх тухай хууль нэн хатуу, ийм гэмт хэрэгт цаазаар авах  эсвэл  олон жилээр хорих ял шийтгэл хүлээлгэдэг улсын нэг.  Хятад улс 1979 оны 7-р сарын 1-нд  хар тамхийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцож хатуухан шийтгэл ноогдуулах хуулийг баталсан түүхтэй. Үүнээс хэдхэн жилийн дараа БНХАУ-ын наалийн тухай хууль, Олон нийтийн хэв журам зөрчсөн гэмт хэрэгт ноогдуулах шийтгэлийн тухай хууль, Эдийн засагт ноцтой хор хохирол учруулсан гэмт хэрэгт ноогдуулах шийтгэлийн тухай хууль, хууль бусаар хил нэвтрэгчдэд ноогдуулах шийтгэлийн тухай хуулийн  нэмэлт өөрчлөлт  зэрэг хуулийг баталжээ. Эдгээр хууль нь хар тамхи, түүнтэй холбогдсон гэмт хэрэгт ноогдуулах ял шийтгэлтэй шууд холбоотой. Тус улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийн тухай хуулийн заалтуудыг сайтар мэддэг учраас хар тамхи тээвэрлэх, зөөх,  хууль бусаар хил нэвтрүүлэхдээ Монгол иргэдийг ашиглах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт ихэвчлэн 18-29 насны  залуус орооцолдож байгааг цагдаагийн байгууллага мэдээлж байгаа юм. Энэ өдрүүдэд Монгол улсад Хятадаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан тухай бүхий л хэвлэл  мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж эхлээд байгаа. Баривчлан саатуулагдсан этгээд өөрийн хамсаатныхаа нэрийг мэдүүлсэн гэдэг нь тодорхой болсон юм.  Энэ удаад залуусын дунд нэр хүндтэй  поп Гайз хамтлагийн  нэр энэ хэрэгт холбогдоод байгаа.  Зарим мэдээллийн сайтууд Бат-Ундралыг цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг цацаж байгаа боловч энэ нь баттай эсэхийг албаны эх сурвалж  хараахан батлаагүй байна.

0 сэтгэгдэл байна.