Нийгэм
22
2016.07.2. 17:35 541 0

Их, дээд сургуулийн босго оноо 400-гаас эхэлнэ

Их, дээд сургуулиуд энэ жил элсэгчдийг "чангалахгүй” гэж байна. Өнгөрсөн жил ихэнх сургууль элсэгчдийнхээ тоог цөөлж, босго оноог өндөрсгөж байсан бол энэ жил цөөхөн элсэгчтэй болоод ч тэр үү, төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноо 400-500-гаас эхэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид сургууль тус бүрээр нь хүргэж байна.

ЭНЭ ЖИЛИЙН ЭЛСЭГЧИД ОЛОН СУРГУУЛЬД ЗЭРЭГ БҮРТГҮҮЛЖ БОЛНО

Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл, хуваарь сонголт яг одоо идэвхтэй үргэлжилж байна. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгэж байна. Зарим сургуулиуд элсэгчдээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-наас бүртгэж эхэлсэн байна.

МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долдугаар сарын 2-5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1-нээс идэвхжиж байна. Элсэгчдийн бүртгэл баяр наадмын өмнө өндөрлөнө. Хувийн хэвшлийн зарим сургууль ирэх наймдугаар сарын 20-д гаргаад нэмэлт элсэлтээ зарлаж, цөөхөн хүүхэд элсүүлнэ гэж байна.

ШУТИСИЙН БҮРТГЭЛ 5-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

ШУТИС- ийн элсэгчдэд дуулгах зарим мэдээллийг бид тус сургуулийн Боловсрол эрхэлсэн проректор Х. Энхжаргалаас авсан юм. ШУТИС элсэлтийнхээ бүртгэлийг зургадугаар сарын 27- ноос долдугаар сарын 5-ны хооронд цахимаар зохион байгуулж байгаа аж. "2016-2017 оны хичээлийн жилд ШУТИС-д суралцах элсэгчид элсэлтийн цахим хаягаар дамжуулан бүх бүлэгт зэрэг бүртгүүлэх боломжтой.

ШУТИСд бүртгүүлэхдээ 2014, 2015, 2016 оны аль нэг батламжийн дугаар, регистрын дугаарыг заавал оруулна.Элсэлтийн талаарх мэдээллийг www.elselt.edu.mn, www. must.edu.mn-ээс авах боломжтой. ШУТИС нь шинэ хичээлийн жилд найман үндсэн бүлэгт онлайнаар бүртгэнэ.

Бүрэлдэхүүн есөн сургууль, харьяа нэг сургууль, институт нэг гээд нийт 11 сургуульд 15 "Хамтарсан 2+2” хөтөлбөр, нийт 56 хөтөлбөр, 98 мэргэжлээр 5000 орчим оюутан элсүүлнэ. 2016-2017 хичээлийн жилийн элсэлтийн онцлог нь 26 хөт өлб өрт CDIO арга зүйг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Элсэгчдийн босго оноо мэргэжил тус бүрээс шалтгаалаад харилцан адилгүй, хамгийн багадаа 400 байна” гэв.

АШУҮИС ЭЛСЭГЧДИЙГ "ЧАНГАЛАХГҮЙ”

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн босго оноо өнгөрсөн жил 560-аас дээш байхаар зааж байсан. Тэгвэл энэ жил хэмжээст оноо хөтөлбөр тус бүрд 400 байхаар заажээ. Элсэгчдээ мөн цахимаар бүртгэж байна. АШУҮИС нийт 17 мэргэжлээр 1667 оюутан элсүүлэх юм байна. Үүнээс Улаанбаатар хотод 558 оюутан элсүүлэхээр заажээ.

Анагаахын сургуульд хүний их эмч, шүдний их эмч, уламжлалт анагаахын эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэнд судлалч, био анагаах судлалч, монгол анагаах ухааны засалч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, сувилахуй, эх барихуй гэсэн мэргэжлээр элсэгчдийг хими, биологийн оноогоор жагсаана. Харин эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр элсэхэд ЭЕШ-ын математик болон физикийн оноогоор, эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр элсэхэд биологи болон нийгмийн тухай мэдлэг хичээлийн оноогоор жагсаана гэж журамдаа заажээ.

МУИС ӨНДӨР ОНООТОЙ ЭЛСЭГЧДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛНӨ

МУИС-ийн босго оноо хэд байгаа талаар МУИС-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн А. Пагмасүрэнгээс тодруулсан юм. "МУИСийн бүртгэл зургадугаар сарын 30-нд дуусах байсан ч бүртгэлийн хугацааг сунгаж, долдугаар сарын 2-ны 18:00 цаг хүртэл сунгажээ. "МУИС нь ирэх хичээлийн жилд Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцааний тийн удирдлагын сургууль, Завхан сургууль, Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

Манай сургууль элсэгчдэд хэд хэдэн боломжуудыг олгож байгаа. Тухайлбал, тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөрөөр харьяалагдах бүрэлдэхүүн сургуульд элсэх давуу талтай. Мөн элсэгчид маань МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ сонгох боломжтой.

Босго онооны хувьд, суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИСийн эхний 50 элсэгч / сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгнө. Мөн үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хамрагдах зэрэг боломжийг МУИС санал болгож байна” гэв.

БХИС-ИЙН ЭЛСЭГЧИД 500-ААС ДООШГҮЙ ОНООТОЙ БАЙНА

Батлан хамгаалахын их сургуульд элсэхийг хүсэгчид юуны түрүүнд оюутан элсүүлэх журамтай танилцах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Тус сургуулийн элсэлтийн бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 5-наас эхэлжээ. Бүртгэл нь долдугаар сарын 3-ны 15:00 цагт өндөрлөх юм байна. БХИС-ийн бакалаврын хөтөлбөр нь иргэний болон цэрэг, батлан хамгаалахын гэсэн үндсэн хоёр чиглэлээр оюутан элсүүлэх аж.

Иргэний чиглэл нь байгаль, нийгмийн ухаанд суурилсан нийтийн удирдлага, аюулгүй байдал, эрх зүй, эдийн засаг, холбоо, электроник, автоинженер, барилга, зам гүүрийн зэрэг чиглэлээр бакалаврын боловсрол олгох аж.

Харин цэрэг, батлан хамгаалах чиглэл нь Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын офицерийн албанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй, БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулиар 2.5 жилийн хугацаанд байгаль, нийгмийн ухааны ерөнхий суурь, мэргэжлийн суурь хөтөлбөрийг бүрэн судалж, сурлага, төлөвшил, бие бялдрын тусгай шаардлагыг хангасан оюутныг Цэргийн нэгдсэн сургуульд шилжүүлэн цэргийн ухааны бакалаврын боловсрол олгоно гэж байв. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-д 500- аас доошгүй, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь 480-аас доошгүй хэмжээст оноо авсан байх шаардлагатай гэжээ.

ХААИС, СУИС, СЭЗДС-ИЙН БОСГО ОНОО ӨНДӨРСЧЭЭ

Хөдөө аж ахуйн их сургуулийн босго оноо 400-500 хооронд байна. Харин Бизнес удирдлага эдийн засгийн чиглэлийн хөтөлбөрийн босго оноо 600. Бүртгэлийг elselt. muls.edu.mn хаягаар болон ХААИС-ын төв хичээлийн байранд хийж байна. Энэ жил нийт 25 чиглэлээр оюутан элсүүлнэ гэв. Харин СУИС-ийн хувьд ихэнх нь мэргэжлийн ур чадвар шаардсан ангиуд байдаг.

Эдгээр ангиудад ур чадварын шалгалтыг тус тусын чиглэлээр 800 оноогоор үнэлж, ЭЕШ-ын оноотой харьцуулан элсүүлнэ. Дан ЭЕШ-ын оноогоор Радио, дэлгэцийн техник технологи, Соёл судлал, Номын сан судлал, Менежмент, Маркетинг, Аялал жуулчлал зэрэг хөтөлбөрүүдэд элсэлт авч байна.

ЭЕШ-д 400-450 оноогоос дээш оноо авсан байх шаардлагатай гэв. Их, дээд сургуулиудын элсэлтийн журамтай танилцахад бизнесийн ангийнхан болон мэргэжлийн ур чадвар шаардсан ангиудын босго оноо нэлээд өндөрссөн байна. Мэргэжлийн ур чадвар шаардсан, нэмэлт шалгалттай ангиудын ихэнх нь хэмжээст оноогоо 600-800 байхаар заажээ. Мэргэжлийн ур чадвар шаардсан, нэмэлт шалгалттай ангиудын ихэнх нь хэмжээст оноогоо 600-800 байхаар заажээ. Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

0 сэтгэгдэл байна.