Нийгэм / Сонин хачин
22
2020.05.27. 12:19 346 0

Баянжаргалан сумын нутагт байлдааны бөмбөг, сум илрүүлэн устгаж байна

Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж, сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётын сум байхыг илрүүлсэн байна.

Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётын сум таван ширхэгийг тус тус илрүүлэн, олон нийтэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

Ийнхүү өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв.


Эх сурвалж: ЦЕГ

0 сэтгэгдэл байна.