Спорт
22
2016.06.14. 14:22 625 0

Португали, Исландын тоглолт өнөөдөр болно

Өнөөдөр Францын Бордо, Сент-Этьен хотуудад Европын 2016 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн 2 тоглолт болох юм. F  хэсэгт оноолт таарсан Австрийн шигшээ баг Унгарын шигшээ багтай  тоглох бол Португалийн шигшээ баг Исландын шигшээ багийн тоглолт  болно. Португалийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчидийн  хувьд Алтан бөмбөгийн эзэн Криштиан Роналдуд бүх итгэл найдвраа хүлээлгэж байгаа. Гэхдээ  бөмбөг хаашаа ч  эргэж мэдэхээр байгааг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өгүүлж байна.  Одоогоос 2 жилийн өмнө Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Португалийн шигшээ баг хэсгээсээ ч гарч чадаагүй. Роналдугийн гэмтэл дөнгөж эдгэрч байсан төдийгүй түүнд туслах найдвартай тоглогч дутмаг байсан гэж тухайн үед өгүүлж байсан юм. 2012 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд тус улсын шигшээ баг амжилттай тоглож, хагас шигшээд өрсөлдсөн юм. Энэ тэмцээний шилдэг тоглогчдын нэг болсон Роналду хэсгээс гарах шийдвэрлэх тоглолтонд 2 ч гоол оруулж байсан түүхтэй. Роналду энэ удаад 4 дэх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож байгаа. Урьдчилсан шатны тоглолтуудыг оруулаад Роналду энэ тэмцээний үеэр нийт 26 гоол оруулсан статистик үзүүлэлттэй байгаа юм. Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Пепе, Бруну, Алвеш, Рикарду Карвалью, хагас хамгаалагч Жоау Моутинью, довтлогч Нани, ур чадвараараа гайхагдаж байгаа шинэ залуу тоглогч Баварийн  Ренату Санчеш, Валенсийн  Андре Гомеш, Спортингийн Жоау Мариу нар талбайд гарах юм. Португалийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнид 6 удаа хэсгээсээ гарч, 2004 онд Грекүүдтэй шигшээд тунаж үлдсэн бол 1984, 2000, 2012 онуудад хагас шигшээд тоглосон түүхтэй юм. Тэдний өрсөлдөгч Исландчууд одоогоос хэдэн жилийн өмнө хөлбөмбөг сонирхогчдын түвшинд ангилагдаж байсан бол өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөж, бас л хүчтэй багуудын нэгт бичигдэх болсон. Гэхдээ Португаличуудтай хийсэн өмнөх 4 тоглолтондоо хожигдсон. Тухайлбал, 2012 оны тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд 5:3-аар, 3:1-ээр хожигдсон юм. Исландын шигшээ багийн бүрэлдэхүүнд  Оросын Краснодарын хамгаалагч Рагнар Сигурдссон багтаж байна. 2 багийн тоглолт Сент-Этьен хотын Жоффруа Гишар цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтыг Турк гаралтай Жюнейт Чакыр шүүн явуулах юм байна.

0 сэтгэгдэл байна.