Спорт
22
2017.08.31. 14:30 1 656 0

Цукаса Ёошида: Сумъяа нөхцөл байдлыг овжин ашиглалаа

Унгарын Будапешт хотноо үргэлжлэн явагдаж байгаа Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Д. Сумъяа алтан медаль хүртэж, Монгол түмэн омогшиж, огшлоо. Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх барилдаанд тэрээр Японы тамирчин Цукаса Ёошидог ялснаар Д. Сумъяа дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын 2 дахь эмэгтэй жүдоч болсон юм. Өмнө нь Д. Сумъяа Цукасатай 3 ч удаа Токиогийн Их Дуулга тэмцээний үеэр учраа таарч ялагдаж байсан юм. Барилдааны дараа Д. Сумъяа: "Удаан барилдлаа. Шинэ ерөнхийлөгчийн өмнө алтан медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байна. Барилдааны туршид дасгалжуулагчтайгаа нягт холбоотой байж чадснаар сүүлийн барилдааныг давж чадлаа” гэснийг ЖүдоИнсайд онцолжээ. Тэгвэл түүний өрсөлдөгч Цукаса Ёошида: "Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд миний өрсөлдөгч өнөөдөр надаас хавь илүү байлаа. Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна. Гэхдээ Олимпийн наадам болтол их хугацаа байна. Энэ удаагийн барилдаан надад тун ч хэрэгтэй, ашигтай туршлага боллоо. Финалын барилдаан удаан үргэлжилсэн, хүндхэн барилдаан болсон боловч миний өрсөлдөгч нөхцөл байдлыг овжин ашиглалаа” гэсэн байна.


0 сэтгэгдэл байна.