Орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд хүмүүсийн өргөн хэрэглээнд нэвтэрсний нэг нь фитнес бугуйвч. Өдөрт хичнээн хөдөлгөөн хийснийг тооцоолон чухам хэдий хирийн калори
шатаасныг тооцоолон мэдээлэх энэ төхөөрөмж нь хөдөлгөөн хийх зорилго,
хүслийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. 2 жилийн судалгаанд 470
хүнийг хамруулснаар фитнес бугуйвч нь турахыг хүсч байгаа хүмүүст тус
болохоосоо илүү ус болдог гэсэн дүгнэлт гарсан байна. Судалгааны
хугацаанд илүүдэл жинтэй хүмүүс өдөр тутам нэг адил дасгал хөдөлгөөн
хийж, бага хэмжээний калоритой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байжээ.
Судалгаанд хамрагдагчдын нэг хэсэг нь ямар нэгэн ухаалаг төхөөрөмж
ашиглаагүй бол нөгөө хэсэг нь фитнес трекер буюу фитнес бугуйвчийг
ашигласан байна. Нэгдүгээр бүлэгт хамрагдсан хүмүүс дунджаар 6 кг жин
хассан бол нөгөө хэсэг нь ердөө 3,5 кг хассан нь тогтоогджээ. Энэ нь
ердөө л сэтгэл зүйн нөлөөлөл байсан гэж эрдэмтэн судлаачид үзсэн байна.
Бугуйвч хэрэглэдэг хүмүүс өдөрт чухам хэдий хирийн kалорий шатааж
байгаадаа анхаарч, өөрийн хийж байгаа дасгал хөдөлгөөндөө сэтгэл нь
ханаж, илүү хэмжээгээр хоол хүнс хэрэглэж өөрийнхөө амжилтаас хойш
чангаажээ. Fitbit, Jawbone зэрэг бугуйвч үйлдэрлэгчид фитнес бугуйвчийн
тусыг үнэлэшгүй хэмээн сурталчилдаг бол эрдэмтэд ийм төрлийн
бүтээгдэхүүн нь богино хугацаанд нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг хийж байгаа
юм. Энэ судалгааны дүгнэлт гарсны дараагаар зөвхөн сэтгэл зүйгээр
тоглосон бүтээгдэхүүнд өөрийн мөнгөө хий зарцуулахаас зайлсхийж,
идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж байхыг хүмүүст зөвлөх болсон байна.
Өөрөөр хэлбэл, таны өмнөө тавьсан зорилгод тань ямар ч ид шидийн саваа
фитнес бугуйвч тус болохгүй, та өөрөө өөрийнхөө идэвхи зүтгэлээр л
зорьсондоо хүрнэ гэдгийг санахад илүүдэхгүй.
0 сэтгэгдэл байна.