Дуулиан 2020
22
2016.04.13. 17:33 1 541 0

“Дуулиан 2020” тэмцээний хагас шигшээ тоглолтууд болно

Өнгөрсөн жилийн 5-р сард Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Багийн спортыг хөгжүүлэх тухай” 114-р зарлиг гаргасан.Эрүүл зөв иргэнийг төлөвшүүлэх, багаар хамтран ажиллах чадварыг хөлбөмбөгийн спортоор дамжуулан өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх зорилготой, басхүү ерөнхийлөгчийн  дээрх зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд энэ жил  10 дах удаагаа өсвөрийн хөлбөмбөгчдийн "Дуулиан 2020” тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.  "Их Талын Дуулиан” ТББ-аас санаачилж, Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголын хөлбөмбөгийн холбоо, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэй зохиогдож байгаа энэ тэмцээн өндөрлөх цаг хугацаа ойртож, энэ долоо хоногт хүрэл медаль хүртэх  багуудын нэрс тодорно. Эхний шатандаа 30000 гаруй хөлбөмбөгийн хорхойтнууд оролцсон энэ тэмцээний 3 дах шатанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 180 гаруй баг өрсөлдсөн юм.  Энэ долоо хоногийн бямба гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны футзалны ордонд хагас шигшээгийн 12 тоглолт болно. Үүгээр охидын 15 хүртэлх насны ангилалд Миг Даатгал ивээн тэтгэгчтэй 92-р сургуулийн баг Хас Банк ивээн тэтгэгчтэй Амгалан цогцолбор сургууль, Ард Даатгал компанийн 107-р сургууль, Делойтте Онч компанийн 28-р сургуулийн багууд хагас шигшээд өрсөлдөхөөр  тунаж үлдсэн юм. Охидын 17 хүртэлх насны ангилалд БСБ Сервисийн 79-р сургууль, Рендербау компанийн 53-р сургууль, Миг Даатгалын 92-р сургуулийн 1-р баг, Сэлба Сервис компанийн 41-р сургуулийн багууд тунаж үлдээд байгаа. Эдгээр багаас аль нь хамгийн шилдэг багаар тодрох нь энэ сарын 23-24-ний өдрүүдэд болох шигшээ тоглолтоор шийдвэрлэгдэнэ. Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалын хагас шигшээд Хас Банкны Оюуны Ундраа цогцолбор сургууль, Сэлба Сервисийн 41-р сургууль, Аэро Монголия компанийн 47-р сургууль, Номын хишиг компанийн 52-р сургуулийн 1-р баг тус тус тунаж үлджээ. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд Хас Банкны 71-р сургууль, Делойтте Ончийн 28-р сургууль, Хас Банкны Оюуны Ундраа цогцолбор сургууль, Худалдаа хөгжлийн Банкны 14-р сургуулийн багууд  аваргын төлөө чухам аль баг нь өрсөлдөхөө энэ бямба гаригт шийдвэрлэнэ. Тэгвэл  энэ тэмцээний хамгийн уран, чадварлаг, гал гарсан тоглолтуудыг үзүүлж чаддаг хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын хагас шигшээд Хас Лизинг ивээн тэтгэгчтэй 20-р сургууль, Хас Банкны 2-р сургууль, Шинэ Монгол сургууль, Делойтте Ончийн 28-р сургуулийн багууд тунаж үлдсэн байна. 20-р сургуулийн  баг тамирчид энэ насны ангилалаас өнгөрсөн жил аваргын алтан медаль хүртэж, 9 дэх удаагийн "Дуулиан 2020” тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор Б. Тэмүүжин шалгарч байсан юм.

0 сэтгэгдэл байна.