Онцлох мэдээ / Улс төр
22
2016.11.22. 10:49 296 0

Хятад улс Монгол улсад эдийн засгийн хориг арга хэмжээ үзүүлэх үү?

Дээрхийн гэгээн 14-р Далай лам Монгол улсад морилон саатаж сүсэгтэн олонд сургаалиа хайрлаж байгаа энэ үед нийгмийн сүлжээ сайтууд хийгээд дэлхийн хэд хэдэн томоохон мэдээллийн сайтуудад БНХАУ-ын засгийн газар Далай ламын айлчлалыг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл нийтлэгдсээр байна. Буддын шажны томоохон төлөөлөл болсон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамбын урилгаар энэ сарын 18-ны өдөр Дээрхийн гэгээн 14-р Далай лам Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо айлчлан ирсэн юм. Өнгөрөгч долоо хоногийн ням гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн яам Далай ламын энэ айлчлал нь 2 орны харилцааг сэвтээх  алхам  болно хэмээн мэдэгдсэн юм. "Далай ламын  Монгол улсад хийсэн айлчлалыг Хятад улс эрс эсэргүүцэж байна. 14-р Далай ламыг Хятадын эсрэг салан тусгаарлагч гэж үздэг тул Далай ламын салан тусгаарлах үзэл хийгээд, түүнтэй ямарваа нэгэн байдлаар холбоо харилцаа тогтоосон улс орныг эсэргүүцдэг билээ” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Генг Шуань мэдэгдсэн юм.  2 улсын харилцаа шууд  зогсчихгүй боловч асуудал гүнзгийрвэл хүйтэрч мэднэ гэж судлаач шинжээчид тэмдэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төсөв санхүүгийн хямралд орсон Монгол улсад 4,2 тэрбум ам долларын зээл олгох тухай асуудал яригдаж байгаа энэ үед энэ айлчлал болсонд цөөнгүй эрх баригчид эмзэглэж байгаа гэнэ. Улс төрийн агуулгагүй буюу цэвэр шажны айлчлалыг улс төржүүлж байгаа нь жирийн иргэн, сүжигтэн олны дургүйцлийг төрүүлж, улмаар Хятадад тал муутайхан байдаг талын  зарим Монголчуудын дургүйцлийг төрүүлж эхэлжээ. Олон нийтийн сүлжээ сайт хийгээд Ассошейтэд Прессийн мэдээний дорх сэтгэгдлийг харахад л "Монгол улс  тусгаар тогтносон улс Хятадаас айх шаардлагагүй”, "Хятад улс жирийн нэгэн ламаас айхын шалтгаан нь юу вэ” гэх зэрэг сэтгэгдлүүдээр дүүрчээ. Тэгвэл Зүүн Хойд Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Да Чжиган: "Монгол улсад хийсэн Далай ламын айлчлал Хятад Монгол 2 улсын талаас санаачилсан "Нэг бүс, нэг зам” харилцааг сэвтээх нь гарцаагүй. Гэхдээ Хятад улс Монгол улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ  авахгүй байх. Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн хонгил байгуулах, худалдаа  эдийн засгийн хамтын ажиллагааны олон талт  механизмын хүрээнд Монгол улсад зээл олгох хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Монгол улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн харилцаанд гол үүрэг нөлөөтэй, АНУ, БНАСАУ, Япон зэрэг улстай сайн нөхөрсөг харилцаатай учраас Хятад улс тус улсын эсрэг хориг арга хэмжээ баталж чадахгүй” гэсэн байна.

0 сэтгэгдэл байна.