Онцлох мэдээ / Зөвлөгөө
22
2016.11.23. 13:07 390 0

Агаарын бохирдолоос маск зүүж эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна

Монгол, АНУ, Японы  эрүүл мэндийн хамтарсан багийн мэргэжилтнүүд Монгол улсын агаарын бохирдолыг бууруулах гарц кампанит ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ. Судалгааныхаа ажлын явцад агаарын бохирдолын эрсдлээс өөрийгөө хамгаалах ялангуяа хүүхэд залууст энэ талын мэдлэг мэдээлэл түгээж боловсруулах ажлыг хийсэн байна. Хүйтний улиралд маск зүүж агаарын бохирдол болон халдварт өвчнөөс сэргийлэхийг тэд зөвлөж байгаа юм. Монголын агаарын бохирдолыг бууруулах кампанит ажил буюу МАСК –ийн  судлаач мэргэжилтэн Дэвид Час агаарын бохирдол нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгааг өгүүлсэн байна.  Агаарыг  хамгийн ихээр бохирдуулж байгаа хүчин зүйлийн нэгдүгээрт гэр хороололын зуухны галлагаа орж байна. Үүний дараагаар автозамын түгжрэл, дулааны цахилгаан станцын бохирдол орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг гэр хороололын айл өрхүүд өргөн хэрэглэдэг нь агаар дахь аюултай хорт бодисын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Дэлхийн хөгжиж байгаа улс орнууд түүхий нүүрсийг ашигладаг нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолыг нэмэгдүүлж байгаа юм. Хэдийгээр Монгол улсын засгийн газар гэр хороололын айл өрхүүдэд утаа багатай гэгдэх зуух тараах зэрэг ажлыг  зохион байгуулж байгаа боловч энэ нь төдийлөн үр дүнгүй, хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах талаар дорвитой үйл ажиллагааг зохион байгуулахгүй байна гэж судлаачдын баг дүгнэжээ. Иймээс хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг уг багийнхан зохион байгуулжээ. Дэвид Час 2013 онд Улаанбаатар хотод анх ирсэн юм байна. Өмнө нь Улаанбаатар хотын агаарын бохирдолын талаар сонсч байсан боловч аюулын түвшинд хүрсэн гэдгийг ирсэн даруйдаа л мэдэрсэн гэнэ. "Би анх Улаанбаатар хотод ирэхдээ уушигны өвчин туссан. Өглөө утаа үнэрлээд л ханиалгадаг болсон. Тухайн үед агаарын бохирдолоос хамгаалах маск зардаг нэг ч компани байгаагүй. Хүмүүс ч утааны маск зүүх нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэлгүй байсан” гэж тэрээр өгүүлжээ. Энэ багийнхан  12 оюутнаас бүрдсэн сайн дурын баг байгуулж, Эрүүл мэндийн хүрээлэн, Монгол улсын Анагаахын Шинжлэх ухааны их сургуулийн багш мэргэжилтнүүдтэй хамтран агаарын бохирдолын хор уршигийн талаар сургалт явуулсан юм байна. Энэ сургалтаар агаар дах тоосонцорын хэмжээ PM 2.5, PM 10 байх үеийн ялгаа, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, бусад улс орнууд агаарын бохирдолоос  хэрхэн сэргийлсэн туршлага зэрэг мэдлэгийг олгожээ. "Тухайн үед хүүхдүүд шинжлэх ухааны мэдлэг  мэдээлэл нь дутмаг байсан. Хүүхдүүдийг сургалтанд хамруулж боловсрол олгосноор бусаддаа өөрсдийн сонссон мэдснээ хуваалцаж, сургалтын дараа гэр бүл найз нөхдөө агаарын бохирдолоос эрүүл мэндээ хамгаалах тухай зөвлөгөөг өгөх чадамжтай болсон” гэж тэрээр дурьдсан байна. Өнөөдрийн байдлаар МАСК-ийнхан ЕБС-ийн 250 сурагчийг сургалтанд хамруулж, маск үнэ төлбөргүй тарааж, эрүүл мэндээ  хамгаалахад нь тусалж байгаа юм байна. Маск зүүх нь агаарын бохирдол ихтэй Монгол улсад эрүүл мэндээ хамгаалах энгийн болоод боломжийн аргачлалын нэгт тооцогдож байна. Ялангуяа хүмүүс гадаа гарахдаа өглөө оройдоо маск зүүж хэвших шаардлагатай. Энэ үед агаарын бохирдол хамгийн дээд түвшинд хүрсэн байдгаас гадна бохирдсон хүйтэн агаараар гэнэт амьсгалж улмаар багтраа өвчинтэй болохоос сэргийлдэг байна.

0 сэтгэгдэл байна.