Онцлох мэдээ / Улс төр
22
2016.11.24. 12:47 358 0

Далай ламын айлчлалаас шалтгаалж Хятадын тал Шадар сайдын уулзалтыг цуцалжээ

Монгол улсад Дээрхийн гэгээн 14-р Далай лам морилон саатсны дараагаар Монгол улсын шадар сайд болон  засгийн газрын зарим  төлөөлөлтэй хийх уулзалтаа Хятадын талаас цуцалсан байна. Түвдийн оюун санааны удирдагчийг Улаанбаатарын эрх баригчид хүлээн авч буруу үйлдэл хийсэн учраас цаашид хэвийн харилцааг үргэлжлүүлэхэд тодорхой алхам хийх ёстой гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. "Манай 2 улсын харилцааг сэвтүүлсэн алхамдаа Монголын тал тодорхой алхам хийж, Хятад Монголын харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж БНХАУ-ын гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Генг Шичуанг өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлсэн байна. Өдгөө 81 настай Далай ламыг Хятадын эрх баригчид салан тусгаарлах үзэлтэн хэмээн хүлээн авч  аль ч улс оронд хийсэн түүний айлчлалыг эсэргүүцдэг юм. Түүнчлэн Дээрхийн гэгээн Далай ламын АНУ-д хийх айлчлалынх нь талаар: "Гадаад улс оронд Хятадын эсрэг хөдөлгөөн явуулах зорилгыг Далай лам агуулдаг. Өөрийгөө шажны тэргүүн гэж үздэг боловч сүм хийддээ байхаас илүүтэй дэлхийгээр аялж, гадаадын улс орнуудын удирдагчидтай уулзалт хийж, тэдгээр улсын БНХАУ-тай харилцах харилцааг сэвтээхийг оролддог. Тэдгээр улс орнууд Далай лам хийгээд Түвдтэй холбоотой асуудлаар өөрсдийн гэсэн байр суурьтай байна гэдэгт бид итгэж байна” гэжээ. Дээрхийн гэгээн 14-р Далай лам АНУ-ыг чөлөөт ардчилсан улс орнуудын тэргүүлэгч улс хэмээн үздэг тухайгаа нэг бус удаа өгүүлж байсан. "АНУ-руу аялахад мэдээж зарим нэг бэрхшээл тохиолдоно гэж би бодож байна. Гэхдээ би шинэ ерөнхийлөгчтэй уулзах болно” гэж Далай лам Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр өгүүлсэн  юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн бүрэн эрхийн хугацаанд 4 ч удаа Далай ламтай уулзалт хийсэн.  Зарим уулзалтыг нь Хятадын талаас эсэргүүцэж байсан удаатай юм. Тухайлбал, өнгөрсөн 6-р сард хийсэн тэдний уулзалтын өмнөхөн Хятадын талаас дипломат харилцаагаа зогсооно хэмээн сүрдүүлж байсан юм. Монгол улсад 2006 онд ирэхэд нь Хятадын тал Бээжин Улаанбаатарын чиглэлийн нислэгийг цуцалж байсан түүхтэй.

0 сэтгэгдэл байна.