Онцлох мэдээ / Нийгэм
22
2016.12.27. 16:04 1 177 1

С. Зориг агсны амь насыг хохироосон хэргийн шүүх хурал олон асуултыг араасаа дагууллаа

17 жилийн өмнө Монгол улсын ардчилалын алтан хараацайнуудын нэг, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд,  ерөнхий сайд болох байсан улс төрч С. Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал 5 өдөр үргэлжилж өнөөдөр сэжигтнээр татагдсан иргэдэд ял ноогдууллаа.  Ц. Амгаланбаатар, Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарт ялын дээд хэмжээг сонсгож, тэднийг онц хэрцгий аргаар, бусдын захиалгаар, бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, хүний аминд хүрсэн гэж буруутган, Ц. Амгаланбаатар, Б. Содномдаржаа нарт 25 жил, Т. Чимгээд 24 жилийн хорих ял  оноосон юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-р зүйлийн 235.1-т "Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасны дагуу шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан гэсэн тайлбарыг холбогдох байгууллагаас өгч байгаа юм. Энэ хэргийн цорын ганц гэрч Б. Булган шүүх хуралдаанд оролцоогүй нь  олон нийтийн дунд хариултгүй үлдсэн асуултын нэг байлаа. Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхэн тухайлбал, С. Зориг агсны дүү С. Оюун шүүх хуралд оролцоогүй. Тэрээр шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардсан боловч хүсэлтийг нь удаа дараалан хүлээн авахаас татгалзсан учраас хаалттай хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдээлсэн  юм. Одоогийн байдлаар С. Зориг агсны ар гэрийнхэн энэ шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Магадгүй гэм зэмгүй байж мэдэх 2 хүнийг хэрэгтнээр татсан Ц. Амгаланбаатар гэгч  хэргийн зангилааг тайлах этгээд байж мэдэх талаар олон нийтийн сүлжээн дэхь сэтгэгдлүүд хөвөрч байна. Таксины жолоочийг мөчилж амь насыг нь хохироосон хэргээр ял эдэлж байгаа Ц. Амгаланбаатар хэрэг гарах үед 18 настай байсан, 2000 онд нийслэлд анх очсон гэж эгч Н. Гансүрэн нь нэгэнтээ өгүүлсэн байдаг юм. Чойр дахь хорих ангиас Б. Содномдаржаагийн гар утас руу сүүлийн 2 жил дарамталсан утгатай мессеж илгээх болсон Ц. Амгаланбаатар таксины жолоочийн амь насыг 1999 онд хөнөөж ялын дээд хэмжээ сонссон, өдгөө  уг хэрэгтээ ялын 17 жилийн хугацаагаа үүрээд байгаа юм. Харин Б. Содномдаржаа гэгч нь Эрдэнэт хотын иргэн, өдгөө 41 настай. Гэр бүлээрээ хүнсний ногоо тариалдаг, үнээний фермтэй Ц. Амгаланбаатар гэгчтэй хөрш зэргэлдээ хашаанд амьдарч байсан гэгддэг. Хэрэг гарах үед аавтайгаа хадланд гарсан байсан гэгддэг, 23 настай байжээ. Тэгвэл Т. Чимгээ гэгч нь бүжигчин мэргэжилтэй. Хэрэг гарах үед хамгийн бага хүүхэд нь 2 настай байсан, Ц. Амгаланбаатарын ээж, аавтай нь садангийн төрлийн хүн гэж мэдээлж байгаа юм. Шүүх хуралд оролцсон Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарын ар гэрийнхэн нь тэднийг гэм буруугүй хэмээн мэдээлж, Б. Содномдаржаагийн ээж нь ойрын хугацаанд давж заалдах болно гэдгээ шүүх хурлын дараа мэдэгдсэн юм. Шүүх хурлаар тэднийг шунахайн сэдлээр хүний амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэж тогтоосон. Гэтэл С. Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан нь бас л хариултгүй үлдэж байгаа асуултын нэг болж байна. Үнэхээр л шунахайн сэдлээр хөнөөсөн бол төрийн нууцад хамаарах баримт материал гэгч нь юу болж таарах вэ?  Хэрэг гарсны дараахан хэвлэлээр 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн өөрсдийгөө Батаа, Оюунаа хэмээн дуудаж байсан гэх мэдээлэл цацагдаж, цагдаагийн байгууллага ийм нэртэй хүмүүсийн уртаас урт жагсаалт гаргаж, шалгаж байсан удаатай. Хэргийн гэрч 20  эргэм, 40 орчим насны хүмүүсийг ялгахгүй байх бага насны хүүхэд биш байлтай. Ялын тогтоолд бусдын захиалгаар гэсэн үгс бий. Тэгвэл энэ хэргийн цаадах захиалагч нь хэн байж болох вэ? Яллагдагчдаас  захиалагчдыг нь хэлүүлж чадсан эсэх нь тодорхойгүй байна.

1 сэтгэгдэл байна.

2016.12.27 16:32
Эргэлзээтэй