Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2017.02.21. 11:30 424 0

БНХАУ эдийн засгийн тусламжаа өргөжүүлнэ

Манай урд хөрш БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ванг И Монгол улсад  үзүүлэх эдийн засгийн тусламж дэмжлэгийн хөтөлбөрөө өргөжүүлэхээр болсноо даваа гаригт мэдээлжээ. China Daily  хэвлэлд өгүүлснээр тус улс өрөндөө баригдсан хөршийнхөө эдийн засгийн  хүндрэл бэрхшээлээс гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсныг дурьджээ. Даваа гаригт тус улсад айлчлал хийсэн Монгол улсын гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргилтой уулзалт хийх үеэрээ Хятадын гадаад хэргийн сайд Ванг И Монгол улсын гадаад худалдаа,  мөнгөн тэмдэгтийг тогтворжуулах хүрээнд 2 улсын хооронд байгуулсан валютын своп гэрээний хугацааг сунгах, уян хатан нөхцөлтэй зээл олгохоор болсноо мэдэгджээ. Ингэснээр Хятадын Ардын Банк буюу төв банк  Монгол улсын засгийн газартай байгуулсан 15 тэрбум юаны своп гэрээний хугацааг 3 жилээр сунгаж байгаа юм. Монгол улсад  олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Хятад улс экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятад улсад гаргах үйл ажиллагааг дэмжихээр болж байна. Өнгөрсөн жилийн 11-р сард Дээрхийн гэгээн 14-р Далай лам Монгол улсад морилон саатсны дараа Хятадын талаас 2 улсын харилцааг сэвтээж байгааг ноцтой анхааруулсан юм. Тэгвэл даваа гаригт болсон уулзалтаар Хятадын гадаад хэргийн сайд Ванг И 2 талын харилцаа хамтын ажиллагаа  шинэ харилцааг эхлүүлэхэд бэлэн байгаа хэмээн онцолсон гэж China Daily  мэдээлжээ. Монгол улсын гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил Төвдийн асуудлаарх Нэг Хятад бодлогыг Монгол улс гүнээ хүндэтгэж байгааг илэрхийлэхийн хамт эдийн засгийн бэрхшээлтэй нөхцөлд Хятад улс дэмжин тусалж байгаа явдалд гүнээ талархаж байгааг илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол улсын  Ерөнхий сайд ирэх 5-р  сард БНХАУ-д болох Олон улсын хамтын ажиллагааны Бүс Замын форумд оролцохоор төлөвлөж байгаа тухай Хятадын гадаад хэргийн  сайдад  дуулгасан байна.


0 сэтгэгдэл байна.