Онцлох мэдээ
22
2017.12.9. 13:27 4 161 0

Дундговийн замд ослоос сэрэмжлүүлэх самбарууд байрлуулжээ

Орон нутгийн замд осол аваар гарах нь элбэг бөгөөд ослоор амиа алдсан төрөл төрөгсдийнхөө сүнсийг аргадаж, хойдохыг бодож манайхан тэр газарт хөшөө, суварга босгох нь цөөнгүй. 
Автын ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хайрт ээжийгээ дурсаж яруу найрагч, сэтгүүлч Өлзийбатын Пүрэвсүрэн санаачлан "Нэг үеийнхэн-1998" ТББ-тай хамтран Улаанбаатар – Дундговийн чиглэлийн зам дагуу нэг том, хоёр жижиг анхааруулах самбарыг байрлуулсан байна. 
АНУ-д ажиллаж, амьдарч буй тэрээр суварга босгохыг гол болгосонгүй, харин энэ замаар зорчих олон олон ээжүүдэд ийм харамсалтай зүйл цаашид бүү тохиогоосой гэсэндээ энэхүү санаачлагыг гаргажээ. 

Ө.Пүрэвсүрэнгийн тэргүүлдэг "Хишигт-Ээл" сан, Дундговь аймгийн сургуулиудыг 1998 онд төгсөгчдийн "Нэг үеийнхэн-1998" ТББ-тай хамтран байршуулсан энэ самбарын нээлт өнөөдөр болж байгаа бөгөөд Дундговь болон Улаанбаатар хотоос лам нар морилж газар лус аргадан, ном уншиж лүйжин тавиж байгаа юм байна. 

Мөн самбарыг босгож байршуулахад аймгийн цагдаагийн болон авто тээврийн газар туслалцаа үзүүлжээ. 

Энэ тухай яруу найрагч "Бид нэг их гайхмаар агуу юм хийсэнгүй. Гэхдээ буянтай ажил хийсэн гэдэгт харин эргэлзэхгүй байна. Ээждээ зориулж суварга босголоо. Босгохдоо түмэнд тустай,ээлтэй гэж бодон орчин цагийн суварга босголоо.Олонтойгоо явсан ээжийг минь дурсдаг хүмүүс хажуугаар нь гарахдаа дурсч,маань мэгзэм хэлэг,дотно нэг нь сүү өргөөд мордог гэж бодож суварга босголоо. Амьд байхад нь ачилж чадаагүй гэмээ өнгөрсөн хойно нь цайруулж сэтгэлээ хуурах гэсэн үрийн сэтгэл юмаа. Босгохын шалтгаан,зорилгыг минь анхаарч,босгосон самбаруудыг маань анзаарч олон түмэн минь аян замдаа аюулгүй зорчиж байгаарай! Амьдралд мэнд явахын Хишигтэй,Алтан шар зам Ээлтэй байг ээ хэмээн алс холоос өөрийн фэйбүүк хуудсандаа бичжээ.

Дашрамд дурдахад яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бол Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Үүлэн домог", "Хагацаж чадах уу" зэрэг хит дуунуудын шүлгийн зохиогч, Америкийн Монголчуудын Утга зохиолын Нийгэмлэгийг үүсгэн байгуулагч юм.

0 сэтгэгдэл байна.