Онцлох мэдээ / Нийгэм
22
2017.12.14. 14:33 111 0

Тээврийн хэрэгслийн нэгдсэн системтэй боллоо

Авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн Монголын анхны цахим системийг олон нийтэд танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Татварын Ерөнхий газар зэрэг 10 орчим байгууллага хамтран Smartcar.mn  төслийг хэрэгжүүлжээ. Улаанбаатар хотод авто замын түгжрэлд орох, татвараа төлөхөөр банкинд дугаарлан урт дараалал үүсгэх, бусдад хүндрэл учруулж бухимдал төрүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн мэдээллийн технологийн  газраас шат дараатай хэрэгжүүлж байгаагийн нэг нь авто  тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бий болгох энэ төсөл юм. Өнөөдөр Blue Sky  зочид буудалд болсон төслийн танилцуулгад Авто тээврийн Үндэсний төв, Монгол банкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв  гэх зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. "Нийслэлд 450 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Бид тээврийн хэрэгслийн нэгдсэн системийн үйл ажиллагааг нэвтрүүлснээр авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөрийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжтой боллоо” гэж  Хотын дарга С. Батболд хэллээ. Энэ систем нь тээврийн хэрэгслэлийн холбоотой төр, хувийн хэвшилд үзүүлж байгаа үйлчилгээнүүд, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн ачилтын талаарх мэдээлэл, оношилгооны цаг захиалга, авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээлэл авах, торгуулиа төлөх  зэрэг олон төрлийн үйлчилгээг иргэдэд дөхөм болгож байгаагаар онцлог  болж байна. Танилцуулгын үеэр Татварын Ерөнхий газрын дэд дарга Б. Заяабал: "Интернэтээр төлбөрөө төлөх боломжгүй хөдөө орон нутгийн иргэд уламжлалт аргаар  татвар, торгуулиа төлөх боломжтой. Гэхдээ бид бүх татваруудыг цахим системд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэсэн юм.
 П. Сайнжаргал, А. Эрхэмбаяр

0 сэтгэгдэл байна.