Онцлох мэдээ / Нийгэм
22
2018.03.15. 17:41 1 631 0

МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ

     Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрүүдэд бэлтгэл бүлгийн элсэгчдээ бүртгэх гэж байна. Улмаар бүртгүүлсэн хүүхдүүдийг 14 хоногийн бэлтгэл ангид суралцуулсны дараа нэгдүгээр ангид дэвшин сурах элсэлтийн шалгалт авч тэнцсэн элсэгчдэд батламж олгох юм.

     Багш бэлтгэдэг төрийн ууган их сургуулийг түшиглэн байгуулагдсан тус лицей сургууль 2015 оноос бэлтгэл бүлэгтээ элсэлт авч эхэлжээ. "Манай сургууль одоо нэгээс тавдугаар ангийн 11 бүлэгтэй. Жил ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Бага ангид гэхэд л 259 хүүхэд сурч байна. Бага ангийн сурагчдын өдөр өнжүүлэх бүлэгтэй бөгөөд энд нэгээс гуравдугаар ангийн 60 орчим хүүхэд гурван багштай хичээллэдэг” хэмээн сургалтын менежер П.Болорцэцэг хэлсэн юм.

     Мөн бусад ангидаа ч элсэлт авах ажээ. Тухайлбал "Энэ жилээс шинээр хөгжмийн төрөлжсөн ангидаа 10-р ангийн сурагчдаас элсэлт авна. Ингэснээр тухайн сурагч цаашид МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн ангид элсэлтийн ерөнхий шалгалтгүй сурах боломжтой болно” хэмээн Дотоод хяналт хариуцсан менежер Д.Номин-Эрдэнэ хэллээ.

     Гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуульд их сургуулиа амжилттай төгссөн болон гаднаас урилгаар ирсэн шилдэг сайн, ур чадвартай багш нар хичээл зааж байна. Мөн МУБИС-ийн зүгээс ч багш, сурагчдын хөгжилд анхааран ажиллаж байгаа нь тус лицей сургуулийн адил төстэй сургуулиудаас ялгарах өөрийн гэсэн давуу тал нь юм.

     Багш нар нь жил бүр сургалтын хөтөлбөр, арга барилаа шинэчилж бусад сургуулийн багш нартай туршлага солилцож, ур чадвараа ахиулдаг байна. Төрөл бүрийн дугуйлан болон сонгон суралцах хичээлд сурагчдаа хамруулан, хүүхдийн хөгжилд давхар анхаарч байгаагаараа бас онцлогтой. Жишээ нь физикийн шинжлэх ухаан, математикийн ухагдахуунтай холбоотой LEGO роботын дугуйланг VI - IX ангид, Электроникийн дугуйланг IX - X ангийн сурагчдын дунд хичээллүүлж, МУБИС-ийн эрдэмтэн багш нар хичээл зааж байна. Ийнхүү сурагчдыг бусдаас суралцдаг, сурах идэвх сонирхолтой, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, зөв дадал хэвшилтэй болгохыг зорьж байна.

0 сэтгэгдэл байна.