Онцлох мэдээ / Спорт
22
2018.10.7. 13:26 360 0

Л. Оюу-Од: Ямарваа нэг юмыг чин сэтгэлээсээ сонирхвол эргээд үр дүнгээ өгдөг

SPS телевизэд хөлбөмбөгийн тайлбарлагчаар ажиллаж байсан орчин үеийн бүтээлч залуусын төлөөлөл Л. Оюу-Одтой ярилцлаа.

Л. Оюу-Од: Ямарваа нэг юмыг чин сэтгэлээсээ сонирхвол эргээд үр дүнгээ өгдөг


-Оюу-Одыг манай спорт сонирхогч залуус спортын тайлбарлагч л гэж мэднэ. Тиймээс ярилцлагаа таны ямар сургууль төгсөж, ямар мэргэжил эзэмшсэн вэ гэдгээс эхлэе гэж бодож байна?

-Ер нь Спортын сэтгүүлч, сэтгүүл зүй гэдэг надаас хол л доо. Учир нь би өөрөө ХААИС-ийг 2016 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Иймээс спортын сэтгүүлч мэргэжил надаас хөндий, төсөө юм шиг мөртлөө нэг талаараа бол надад давуу тал болдог юм болов уу гэж би боддог.

-Сүүлийн үед хөлбөмбөг үзэгчид ч цөөнгүй болсон. Би ч таныг анх SPS-ээр хөлбөмбөг тайлбарлаж байхыг хараад танил болсон. Тэгвэл яагаад тэр олон спортоос хөлбөмбөгийг сонирхон сонгосон юм бэ?

-Би хөлбөмбөгийг багаасаа үзэж өссөн юм л даа. Найзууд маань бүгдээрээ сагсанбөмбөг сонирхдог, тоглодог байхад харин би хөлбөмбөг тоглодог байлаа. Гэрт ч тэр, найзуудын дунд ч тэр хөлбөмбөг үздэг хүн байхгүй хэр нь би дуртай болсон нь их хачирхалтай.

Анх 2006 оны үед SBN телевизээр хөлбөмбөг гарах болсноор энэ спортыг тайлбарлаж үзэх юмсан гэх хүсэл төрсөн. Ингээд хожуу 2012 оны үед хөлбөмбөг тайлбарлагч Батзаяатай холбогдож, Sportbox сувгаар тайлбарласан нь хүсэл мөрөөдөл биелсэн, төсөөлөмгүй үйл явдал байсан юм.

-Ганц миний ч гэлтгүй үзэгч сонирхогчдын хувьд та сонсох, дуртай тайлбарлагч нь болж чадсан. Мэдээж анх гарч ирж байхад чинь янз бүрээр гоочилж, шүүмжилж байсан байх. Угаас анх хөлбөмбөг тайлбарласан болгоныг шахуу фанатууд өөлж, шүүмжилж байдаг. Одоо ч ийм зүйл ажиглагддаг. Тэгвэл та хэрхэн өөрийгөө хөгжүүлж энэхүү энэ бүхнийг даван туулав?

-Хөлбөмбөг тайлбарлаж эхлэх үедээ би дөнгөж 18-тай л байсан. 18 нас гэдэг бол ямарч хүний хувьд гүйцэд төлөвшиж амжаагүй үе байдаг. Яг энэ насандаа шүүмжлэл хүртэнэ гэдэг миний хувьд бага зэрэг хэцүү байлаа. Зарим нь өөрт ирсэн шүүмжлэл, доромжлолыг тоолгүй, уншилгүй өнгөрөөдөг. Харин би тэдгээрийг нэг бүрчлэн уншиж өөртөө дүгнэлт хийж, аль болох эерэгээр тусгахыг хичээдэг байсан.

-Таван жил телевизээр хөлбөмбөг тайлбарласан ажил туршлагаараа одоо нэгэнт "Тайлбарлагч Оюу-Од” гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгвэл хөлбөмбөгийн тайлбарлагч хүн ямар байх ёстой юм бэ?

-Би тайлбарлагч болсон энэ 5 жилийн хугацаанд хөлбөмбөгөөс гадна сагсанбөмбөг, тулаан, автомашины спорт зэрэг олон спорт тайлбарлаж байсан л даа. Хэдий тийм олон жил биш ч гэсэн эргээд бодоход би энэ хугацаанд багш хийсэн юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл тэдгээр спортын контентуудыг ихэвчлэн хүүхэд залуус сонирхон үздэг бөгөөд хүүхдүүд телевизэрээр их төлөвшдөг. Тэгэхээр би хүүхдүүдэд өөрийн гэсэн үлгэр дууриалал болж тэдэнд боловсрол болохуйц төрөл бүрийн мэдлэг түгээхийг хичээдэг байсан юм шүү. Багш хүн сурагчдаасаа илүү мэдлэг боловсролтой байж тэдэнд боловсрол олгоно. Тиймээс би илүү ихийг сурч мэдэн, хичээх хэрэгтэй болов уу.

-Би хувьдаа "За тайлбарлагч хүн нэг тоглолтыг тайлбарлах гэж хэр их бэлддэг бол? Өмнө нь өдөржингөө сууж бэлдэж байгаад л ордог байх даа” гэж боддог. Тайлбар хийхдээ юунд их анхаарах вэ?

-Жишээ нь Балжинням, Батзаяа зэргийн шилдэг тайлбарлагчид ерөнхий, суурь мэдлэг сайтай мөн газарзүй, хүний биеийн онцлог гэх мэт бусад шинжлэх ухааны талаар мэдлэгтэй учраас тэдэнд тийм ч их хүндрэл бэрхшээл тулгарах нь бага болов уу гэж би боддог. Харин надад эдгээр мэдлэгүүд дутмаг учир би маш их унших шаардлагатай болсон. Тиймээс бага багаар тэрхүү ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхийг хичээдэг. Мэдээж би одоо ч өөрийгөө тийм ч сайн болсон гэж бодохгүй байна. Мөн дөнгөж гарч ирж буй хүүхэд байсан болохоор шүүмжлэлд өртөх нь хүнд байсан. Бас тайлбар хийх нь зүгээр энгийн ярианаас өөр учраас "монголоор ярих чинь ямар хэцүү юм бэ” гэмээр сэтгэгдэл төрдөг байлаа.

-Юм бүхний эхлэл хэцүү. Гэхдээ анхны сэтгэгдэлийг юугаар ч солишгүй. Өөрөө анхны тоглолт тайлбарласан сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу? Ямар тоглолт байсан бэ?

Гоё асуулт байна. Миний тайлбарлагч болох эхлэлийг сэтгүүлч Батзаяа тавьж өгсөн юм. Тэр үед Sportbox суваг дээр Аваргуудын лигийн 2011-2012 оны улирлын шөвгийн 16-гийн тоглолтыг тайлбарлаж байлаа. Баяерн Мьюнхен клуб Арсенал клубыг 3:1 харьцаатайгаар илүүрхэн хождог тоглолт л доо. Тухайн үед Sportboxтелевизийн ерөнхий найруулагч байсан Дөлгөөн Арсенал клубын фанат. Тэгсэн би Арсенал клубын бүрэлдхүүнийг хэлэхдээ сандарч, гацаж түгдрээд зарим хүний нэрийг буруу хэлчихсэн юм. Тоглолт дууссаны дараа ерөнхий найруулагч намайг "Чи ерөөсөө бүтэхгүй юм байна. Чи боль боль” гэж загнахад харин тайлбарлагч Батзаяа "Зүгээр зүгээр анхных юм чинь” гэж урам өгч байсан нь сайхан санагддаг. Би ч өөрийгөө их муу байсныг мэдэж байсан харин одоо бодоход тэр сэтгэгдэл их чухал байж дээ.

-Хүнд үлгэр дууриалал болдог хүн гэж байдаг шүү дээ. Өөрийн тань хувьд хэн байв?

Ер нь хүний санаа бодол жилээс жилд, сараас сард өөрчлөгддөг байх. Харин миний хувьд дан ганц нэг хүнийг шүтэж бишрэхээсээ илүү хүн байдаг тэр сайн сайхан зан чанаруудыг өөрт зөвөөр тусгах нь зүйтэй болов уу гэж боддог. Учир нь хүн болгонд л өөр өөрийн гэсэн давуу тал бий шүү дээ.

-Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй гэх. Тэгвэл таны тайлбарынхаа явцад гаргаж байсан хамгийн том алдаа юу байна?

-Их бодох шаардлагатай асуулт байна. /Инээв/ Ер нь их алдаа гаргаж байсан. Тэр болгонд тун ичгүүртэй байдалд ордог. Гэхдээ тайлбарын явцад гаргаж байсан тэр олон алдаа гэхээсээ илүүтэй амьдралдаа гаргаж байсан алдаа минь санаанд орж байна. Би хоёрдугаар курст байхдаа сахилга батын алдаа гаргаж, сургуулиас жилийн чөлөөнд оруулсан юм. Тийнхүү ажилгүй, хичээлгүй байх үедээ SPS-т тайлбарлагч сонгон шалгаруулж авч байгааг сонсоод одоо сагсанбөмбөг тайлбарлаж буй Анхбаяр найзтайгаа хамт очиж орсоноор өмнө нь SPS-т ажиллаж байсан Амгалан бид хоёр тэнцэн тайлбарлагч болсон түүхтэй. Үүнээс дүгнэхэд надад тохиолдсон тэр бэрхшээл хэдий миний алдаа байсан ч надад шинэ боломж бий болгосон юм болов уу гэж боддог. Чамд зөвлөхөд амьдралдаа гарсан саад бэрхшээлд бүү шантарч бууж өгөөрэй. Магадгүй тэрхүү асуудал харин ч чамд өөрчлөлт шинэчлэлт авч ирж байж болох юм.

 

Л. Оюу-Од: Ямарваа нэг юмыг чин сэтгэлээсээ сонирхвол эргээд үр дүнгээ өгдөг

-Сая хоёулаа алдааны тухай ярилаа. Тэгвэл таны тайлбарлаж байсан, сэтгэлд хоногшсон хамгийн сайхан ямар тоглолт байв?

Миний хувьд гэвэл өнгөрсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон Оросын Холбооны Улс болон Испанийн шигшээ багийн тоглолт байсан. Энэ тоглолт ач холбогдолын хувьд ч тэр, тоглолтын үйл явцын хувьд ч тэр тун сайхан болсон. Ер нь шигшээ багтаа тоглоно гэдэг маш том нэр хүнд, тэр тусмаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд орно гэдэг мөрөөдөл билээ. Тиймээс ч тэдгээр тамирчдын сэтгэл хөдлөл, төрийн дууллаа сонсоод нулимс унагаж буйг харах өөр мэдрэмж. Тиймдээ ч тэр тоглолтод миний бүхий л сэтгэл хөдлөл гарч, чин сэтгэлээсээ тайлбарласан гэж боддог.

-Хөлбөмбөг сонирхогч бүр өөрийн гэсэн дэмждэг багтай, тоглогчтой байдаг. Өөрөө аль багийн фанат вэ?

Би Ливерпүүл клубыг 2006 оноос дэмждэг болсон. Үүнд тухайн үед тоглож байсан Фернандо Торрес их нөлөөлсөн. Гэхдээ гол нь энэ клубын философи их таалагддаг. Ажилчин ангиас гаралтай, энгийн бүхнээс эхэлдэг нь сайхан. Тиймдээ ч би сайн сурлагатай байгаагүй учраас олон зүйлийг энгийнээс эхэлж сурахыг хичээдэг байсан. Жишээ нь хөлбөмбөг үзэх гэж компьютер дээр их сууна. Үүний ашгаар арван жилээ төгсөхдөө би Фотошоп дээр ажиллачихдаг, хурдан шивдэг, бас муугүй англи хэлтэй болсон байв. Тухайн үед Ajax гэх интернэтийн үйлчилгээ гараад удаагүй байсан бөгөөд би өөрөө зохицуулж эсвэл эцэг эхээсээ гуйж интернэтийнхээ төлбөрийг хийгээд шөнө дөлөөр босон үздэг байлаа. Тэгэхэд ээж минь дургүйцэн "Тэр хол Англид байгаа наад клуб чинь чамд ер нь ямар ач холбогдолтой юм” гэдэг байсан. Гэтэл одоо үр дүн нь энд сууж байна. Ээж минь ч одоо үүнтэй санал нийлдэг. Энэ бол ямарваа нэг юманд чин сэтгэлээсээ сонирхолтой байж өөрийгөө дайчлах аваас эргээд үр дүнгээ өгдөгийн жишээ.

Л. Оюу-Од: Ямарваа нэг юмыг чин сэтгэлээсээ сонирхвол эргээд үр дүнгээ өгдөг

 

-Сонирхол татах нэг зүйл байна л даа. Мэдээж тэр олон тоглолт дундаас дэмждэг багаа тайлбарлах үе гарна. Энэ нь хэцүү байв уу? Эсвэл амар байв уу? Аль нэг талд нь илүү хандлагатай ярьчих гээд байсан үе бий юу?

-Тийм зүйл их байсан. Ялангуяа эхний хоёр жилийн хугацаанд их ажиглагддаг байлаа. Учир нь тухайн үед дөнгөж сурч байсан болохоор тоглолтыг хөндлөнгөөс харж тайлбарлах бус үзэнгээ тайлбарладаг байсан юм. Тэр бол тайлбарлах биш. Тэгээд аяандаа өөрөө хөндлөнгөөс харж эхлэх болсон. Ливерпүүл л сайн, энд л би хир халдаахгүй гэж боддог байсан бол харин ч одоо илүү шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах болсон. Жишээ нь хүмүүс 0:0 харьцаатай өндөрлөсөн тоглолтыг уйтгартай гэж ярьдаг. Гэтэл тэндээс хөлбөмбөгийн жинхэнэ нарийн зүйлсийг мэдэж авч болдог юм. Одоо бол надад дуртай багаа тайлбарлах эсэх тийм ч сонин биш.

-Хоёулаа тайлбарлагч Оюу-Одын талаар нэлээн ярилаа. Харин одоо жирийн иргэн Оюу-Одын талаар ярья. Өөрөө найз охинтой юу?

-Найз охинтой. Гэхдээ бид хоёр тийм ч удаагүй байгаа. Учир нь өмнө нь би ганцаараа байх нь илүү үр ашигтай юм байна гэж боддог байсан бол найз охинтой болсноос хойш хамтдаа байх нь илүү үр ашигтай юм байна гэдгийг ойлгосон. Гэр бүлийн хувьд гэвэл ам бүл гурвуулаа. Ээж дүү хоёртойгоо хамт амьдардаг. Дээрээ нэг ахтай ч ах маань тусдаа гарчихсан.

-Хөлбөмбөгөөс гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа сагсанбөмбөг тоглож, фитнесст явдаг. Мөн найз охинтой болсноос хойш илүү их ном унших болсон.

Л. Оюу-Од: Ямарваа нэг юмыг чин сэтгэлээсээ сонирхвол эргээд үр дүнгээ өгдөг

 

-Өөрөө саяхан SPS телевизээс гарсан. Нууц биш бол яагаад гарах болов? Таныг гарлаа гэхэд их олон үзэгчид харамсаж байсан л даа.

-Нэгдүгээрт цаг нь болсон юм болов уу гэж бодсон. Нэг дороо удаан байх нь хүнийг нэгэн хэвийн болгодог байх. Тийм ч учраас шинэ зүйлсийг хийж, өөрчлөгдөхөөр шийдсэн. Хоёрдугаарт байгууллагын дотоод асуудал бас бага зэрэг нөлөөтэй. Ер нь өнөөгийн залуусын ур чадвар, ирээдүйг тэдний өөрсдийнх нь "Эго” байдал үгүй хийж байна. Улмаар тэр нь өөрсдөд нь болоод ойр тойрныхонд нь сөргөөр нөлөөлж байгаа юм. Иймэрхүү буруу "амбиц”-ын нөлөөлөл надад хүнд байсан тул энэ салбарт эргэлзэх болсон л доо.

-Одоогоор ямар ажил эрхэлж байна?

-Яг тогтсон ажил хийгээгүй байгаа ч зарим нэг мундаг хүмүүстэй хамтран хүүхэд залуучуудад зориулсан сургалт хэлбэрийн зүйл хийхээр төлөвлөж байна. Мөн NTV телевизээс "UEFA Nations League”/Европын улсуудын дундах лигийн тэмцээн/ тайлбарлах санал ирүүлсэн. Мэдээж би цаг завынхаа хажуугаар хөлбөмбөгөө тайлбарлах болно. Бас одоогоор Стивен Жеррард "Ливерпүүл клубын домогт тоглогч” -ын номыг орчуулаад талдаа орж байна. Өмнө нь Жэйми Каррагар "Ливерпүүл клубын домогт тоглогч” -ын номыг орчуулсан боловч редакторлох шатны бага зэрэг асуудлаас болж хараахан хэвлэгдээгүй байна. Гэхдээ гадаад хэлнээс ном орчуулахад эх хэлээ сайн мэддэг байх шаардлагатай юм байна гэдгийг мэдэж авсан. Тиймээс ч орчуулга маань бага зэрэг модон болоод байх шиг санагдаад монгол хэлээр уран зохиолын ном уншиж байгаа.

-Хувь хүний хувьд өөрийн тань урдаа тавьсан гол зорилго, хүсэл мөрөөдөл чинь юу байна?

-Дэлхийн хүн байх, дэлхийн гэр бүл болох, мэдлэг боловсрол эзэмшиж түүгээрээ дамжин илүү хөрөнгө мөнгөтэй болох, тэрхүү хөрөнгө мөнгөөрөө бусдад тусалж дэмжих гэсэн зорилготой байна. Энэхүү зорилгыг найз охин бид хоёр ярилцаж байж тодорхойлсон.

Урилгыг минь хүлээн авч чин сэтгэлээсээ халуун дулаан ярилцлага өрнүүлсэн таньд баярлалаа. Өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрэх болтугай

А. Эрхэмбаяр


0 сэтгэгдэл байна.