Онцлох мэдээ / Спорт
22
2019.01.28. 21:44 201 0

Миний амжилт бол гэр бүлийн минь зорилго

 Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат "Баянхонгор Хөгжлийн Сан”  Их Богд дэвжээний бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 125кг-ийн мөнгө хүрэл медальт Монгол Улсын харцага Н.Золбоотой уулзаж ярилцлаа.
 

-Сайн байна уу? Та улсын цол авсанаасаа хойш хоёр дахь удаагаа зодоглолоо.

Сайн. Улсын наадмаас хойш чөлөөт бөхийн бэлтгэлээ хийж Жакарта 2018 оны Азийн наадам түүний дараа Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн аваргад оролцсон. Арван нэгдүгээр сараас үндэсний бөхийнхөө бэлтгэлийг хийж байгаад зүүн өвдгөндөө бэртэл авснаар ойрд барилдаж чадаагүй. Оны өмнөхөн 12 сарын 29нд болсон Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дахин зодоглож дөрвийн даваанд улсын начин Д.Анарт унасан. 
-Д.Анар начин та хоёрын барилдааныг харахад таныг барьц авч амжаагүй байхад нь унагачихав уу гэж харагдсан. 
Үүн дээр бусдад буруу өгөх зүйл байхгүй. Улсын цол авсанаасаа хойшхи анхны барилдаан байсан. Жоохон биеэ барьсан ч тал бий. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж өндийж зогсож байгаад хавируулсан. 
-Бат-Өлзий харцага та 2 бол хамгийн олон таарч барилдсан бөхчүүд. Та хоёрын барилдаан өгөө аваа ихтэй байдаг. Сүүлийн барилдаанд улсын наадмаас хойш дахиад л таарч барилдлаа.
Тиймээ бид хоёр арав гаруй удаа таарч барилдсан. Улсын наадмаас хойш ахин таарч барилдлаа. Саяны барилдаанд тавын даваанд Бат-Өлзий харцага намайг амласан. Наадмынхаа даагыг нэхье гэж амласан байх. Бид хоёрын барилдаан барьц сонгох дээрээс үргэлжилж Бат-Өлзий харцага давсан. 

Миний амжилт бол гэр бүлийн минь зорилго


-Та үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин. Хэдэн оноос барилдаж эхлэв?  Аав ээжийн тань удамд бөх байдаг уу? 
Бөхийн спортоор хичээллээд хэдийнээ 15 жил болсон байна. 2004 онд анх 73-р сургууль дээр Ч.Дандар багшийнхаа удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа хийж эхлэсэн. Одоо ч гэсэн багштайгаа хамтарч ажилладаг, заавар зөвлөгөөг нь авч байдаг. Аав ээжийн удамд бөхийн удам байхгүй. Багаасаа л бөх үзэх дуртай байсан. Ээжийнхээ дүү нартай хамт өссөн. Ах нар найз нөхөдтэй маань их барилдуулдаг байсан. Тоглоомоор аварга болно гээд их ярьдаг байсан л даа. Бөхийн спортоор анх хичээллэж эхлээд л түүнээс хойш дурласан даа. 
-Энэ намар Будапешт хотноо болсон дэлхийн аваргад оролцсон. Хэддэх жилээ дэлхийн аваргад оролцож байна вэ?
Би гурав дахь удаагаа оролцож байна. Энэ жил хүрлийн төлөө 125кг-ийн жинд барилдаж ялагдсан. Ноднин хүрэл медалийн төлөө барилдсан Костовскийд 9:4-ийн харьцаатай хожигдож тэмцээнийг дуусгасан. Энэ тамирчин маань алтын төлөө барилдсан бол медалийн төлөө барилдах боломж байсан. Гэвч энэ тамирчин маань Хятад улсын тамирчинд ялагдаж тэмцээн өндөрлөсөн. 
-Эргээд хоёулаа үндэсний бөх рүүгээ оръё. Нэг зуны улсын наадмаар хоёр цол авна гэдэг бол тэр бүр байдаггүй амжилт шүү дээ.  Энэ зуны наадмыг эргэн нэг дурсвал?
Энэ бол намайг дэмждэг бүх хүмүүсийн хамтын амжилт. Сүүлийн гурав дөрвөн жилд улсын наадмаас гунигийн нулимстай л буцаж байлаа. 2017 оны улсын наадмаар цол авна гэсэн зорилго тавьж барилдаад гурвын даваанд Улсын гарьд Бат-Оршихд өвдөг шороодсон. Олон жилийн хөдөлмөрийн минь үр шим гарч байна гэж ойлгож байгаа. Хонгор нутгаас хоёр улсын цолтон төрсөн тавын даваанд Бат-Өлзий харцагаар начин цол хүргэж зургаагийн даваанд нутгийн шинэ начин цолтон Цэрэнтогтохтой тунаж барилдаад харцага цол хүртсэн.

Миний амжилт бол гэр бүлийн минь зорилго


-Та харцага цолныхоо шагналаас 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн. Энэ санаачлагыг та өөрөө гаргасан уу?
Энэ санаачлагыг манай Баянхонгор аймгийн Хөгжлийн сангийн тэргүүн Мөнх-Эрдэнэ ахтайгаа ярьж байж шийдсэн. Амжиргааны түвшин доогуур хүүхдүүдэд тус джм болчихоор зүйл хийе гэж бодсон. Энэ сангийн нэр дээрээс өнгөрсөн хавраас хойш барилдаж эхлэсэн. Уг сан маань Баянхонгор аймгийн нийт ард иргэдийг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Баянбулаг сумынхаа амжиргааны түвшин доогуур 90 хүүндийг судалж хичээлийн хэрэгсэл өгсөн. Би өөрөө найз нөхөдтэйгөө баг хороодуудаар явж судалсан. Аймгийнхаа энэ сайхан сантай ганцага нийлж энэ жил улсын цолонд хүрсэн юм болов уу?  гэж бодож байгаа. 
-Дараагийн барилдаан хаана барилдах гэж байна?
Нэгдүгээр сарын 26-нд Өвөрмонголын Хөлөнбуйр хотод гурван улсын шилдэг 64 бөхийн барилдаантай. Түүнд манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна. Цагаан сарын барилдаантай түүнээс сарын дараа бэтгэлдээ орно доо.
-Таны барилдааны онцлогийн талаар ярилцъя. Өөрийн тань барилдааныг харахад их яарч барилддаггүй унаа их холтой чөлөөтийн тамирчин учраас их уян хатан харагддаг. Барилдааны тань онцлог юу вэ?
Миний барилдааны онцлог бол чөлөөт бөхийнхөө арга техникийг үндэсний бөхтэй хослуулж барилддаг. Чөлөөт бөх гэдэг бол ямар ч барьцгүй барилдаан. Тийм учраас сэрүүн барьцнаас барилдажх сонирхолтой. Ер нь бол барилдаж байгаа бөхийнхөө онцлогт тааруулж аль болох барилддаг даа. 
-2000н оны эхээр 6 залуу заан гээд маш хүчтэй гарч ирж байлаа. Тэдний дотроос Сумъяабазар аваргыг дэмждэг байсан юм билээ. Аваргын юу нь тэгтлээ сонирхлыг тань татдаг байв?
Тухайн үед хүүхэд байсан болохоор аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт хэлж мэдэргүй шүү дээ. Зурагтаа л барилдаануудыг нь үздэг байсан. Ах нар маань А.Сүхбат аварга, Г.Өсөхбаяр аваргыг дэмждэг байсан. Миний хувьд Д.Сумъяабазар аваргын барилдаануудыг үзэх дуртайгаас гадна олны өмнө биеэ авч яваа байдал нь их таалагддаг байсан. Хүндэлж дээдэлж явдаг байсан аваргатайгаа хувь тохиолоор одоо хамтран ажилладаг. Д.Сумъяабазар аварга маань чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэмцээн уралдаанд явах нөхцөл бололцоогоор хангаж тусалж дэмжиж байдаг. 
-Бөх хүн тэр дундаа улсын цолтой бөх хүн олны өмнө биеэ зөв авч явна гэдэг бол том хариуцлага л даа. Н.Батсуурь аварга, аймгийн арслан Б.Лхагвадорж нарын барилдаан нилээн шуугиан тарьлаа. Аварга "Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон та үүн дээр ямар байр суурьтай байна?
Энэ бол барилдааны явцад болдог л процесс. Н.Батсуурь аварга Б.Лхагвадорж арсланг өргөж гаргаж ирээд тавих, нөгөө бөх биеэ суллаж тавих таарсан. Тэрнээс санаатай өргөж шидээд дээрээс нь нидэрчихсэн бол өөр хэрэг. Гэхдээ одоо сошиал гэдэг зүйлээр үнэн худалыг нь мэдээгүй байж сайн явваа нэгэнрүүгээ сөрөг мэдээллээр дайрдаг болчихсон шүү дээ. Тухайн хоёр бөх бүх хүч чадлаа дайчлан барилдаж байгаа. Үүнийг өнгөц дүгнэж буруу ташаа ойлгож болохгүй. 
-Тийм ээ гэхдээ нөгөө талаас авч үзвэл хүч чадал бяраас гадна тухайн хоёр бөх ухаанаар л барилдаж уран мэхийг уралдуулж байгаа шүү дээ. 
Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Ухаан байж л барилдана. Тэгэхдээ тамирчин бид нар маш өндөр ачаалалтай байж барилддаг. Нэг жишээ хэлэхэд андар ачаалалтай бэлтгэлийн үед тамирчин биднээс спортын үндэсний анагаах ухааны төвөөс хэмжилт явуулдаг. Тэгэхэд жирийн хүмүүсийн зүрхний цохилт минутад 10-15 удаа, даралт нь 120/80 байх ёстой байдаг. Харин бэлтгэл хийж байх явцад бидний даралт 200/0, зүрхний цохилт 30-35 удаа цохилж байдаг. Ингэж ачаалалтай барилдааны дараа  дахин үзэхэд зүрхний цохилт минутад 6 удаа цохилдог. Бараг амьсгаагүй болчихсон хүний дайтай цохилж байдаг. Ингэсний дараа хурдан сэргэлт авч байвал маш сайн гэж үздэг. Ийм нөхцөлд бөх хүн өөррийн гэсэн үндсэн тактик, арга ухаан, мэх гээд л бүх зүйлээ гаргаж барилддаг. Тодорхой хэмжээгээр өөрийгөө хяналгүй яахав. Спорт гэдэг бол асар их тэсвэр тэвчээр тамирчнаас шаарддаг. Хуучны бөхчүүд их сайхан байжээ гэж бодогддог. Давбал давж унавал унадаг. Одоогийнх шиг олон нийтийн сүлжээгээр зөв буруу гээд байх юм байхгүй. Одоо бол сайн яваа нэгнийгээ хэтэрхий их харлуулах гээд байдагт эмзэглэж явдаг.
-Сүүлийн үед бөхийн өргөөний асуудал нилээд маргаантай байгаа та залуу бөх хүний хувьд та үүн дээр ямар бодолтой байна вэ?
Олон залуу бөхчүүд бөхийн өргөөний асуудлыг хурдан шийдэгдээсээ гэж хүсэж байгаа байх. Миний хувьд бол улсын цол авчихаад бөхийн өргөөндөө зодоглоё гэж бодсон ч хараахан санаснаар болсонгүй. Бөхийн өргөө нээгдэхгүй байснаар сум, аймгийн цолтой бөхчүүдэд их халтай байна. Сар болгон болдог сумын заануудын барилдаан болохгүй болсон. Гэсэн хэдий ч Аварга дээд сургууль, Спортын төв ордон гээд зай талбай багатай газар зохиогдож байна. Энэ залуучууд юуны төлөө барилдаж байна гэхээр өөрийнхөө хэм хэмжээг мэдэх гэж л барилдаж байгаа шүү дээ. Үүн дээр зохих хүмүүс нь анхаарлаа хандуулаасай гэж бодож байна. Аймгийн цолтой байхдаа улс,аймаг,сумын цолтон гээд л гурван төрдийн барилдаанд барилддаг байсан. Буянт ухаад барилдах нь хэдийгээр зай талбай том сайхан ч гэсэн бөхийн өргөөндөө барилдахыг хүсэж байна. Бөхчүүдэд зориулсан гэдэг утгаар олон сайхан бөхчүүдийн энерги шингэсэн цаанаа л нэг сайхан санагддаг. Бөх үзэх дуртай үзэгчид ч гэсэн хүсэн хүлээж байгаа байх. 
-Та үндэсний бөхийн тамирчин хүнийхээ хувьд ид барилдаж байгаа бөхчүүдээс хэнийг нь сайн гэж боддог вэ? О.Хангай харцага наадмаас хойш их сайн байна шүү дээ. 
Тамирчин хүн өрсөлдөгчөө өндрөөр үнэлэнэ гэж байхав. Түүнээс илүү гарах гэж л бэлтгэл сургуулилтаа хийж байна. Унасан ч давсан ч тэр өөрийгөө ирлэж байж л тухайн бөх цаашдаа амжилтад хүрнэ. Өөрийгөө болсонгүй, санасан зорилгодоо хүрсэнгүй гэж өөртөө дүгнэлт хийж байх хэрэгтэй. О.Хангай харцагын хувьд бол наадмаас хойш бэлтгэл сургуулилт нь таарч байна гэж харж байгаа.  
-Тамирчин хүний амжилт бол гэр бүлтэй нь салшгүй холбоотой. Таны хөрөг нэвтрүүлгийг үзэж байхад зорилгодоо хүрэхгүй гэртээ орж ирэх хамгийн хэцүү гэж ярьж байсан. Та гэр бүлээ танилцуулаач.
Миний ханийг Мөнхжаргалын Уянга гэдэг. 10жилээ хамт сурч төгссөн. Оюутан болоод үерхсэн. Одоо 3 сайхан хүүхдийн аав ээж болсон. 2013 онд том охин Халиунаагаа өлгийдөж авч байлаа. 2015 онд дунд охин Хулан маань төрсөн. Энэ жил наадмын өмнө 5 сарын 29нд хүү маань мэндэлсэн. Хүүгээ аавдаа том цол авчирсан юм болов уу гэж бэлэгшээж байгаа. Миний амжилт баяр гуниг бүх зүйлийн ард гэр бүл минь байдаг. Тамирчин хүний ард гэр бүл нь бат бөх байж тухайн тамирчин амжилт гаргана. Тамирчин хүнд гэртээ байх цаг хугацаа маш ховор байдаг. Тэр дундаа би бол 365 хоногийн 300-д нь бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаан гээд гадаад дотоод  их явдаг. Миний амжилт бол гэр бүлийн минь зорилго. Тэмцээн уралдаанд яваар хоосон гэртээ буцаж орж ирнэ гэдэг мэдээж хэцүү. Яаж ч нөхцөл бололцоогоо дайчлаад болдоггүй зүйл гэж байдаг. Энэ бүхэнд хань минь л хажууд хамт байдаг даа. 
-Баянхонгор аймгийн бөхчүүдийг Ламын гэгээний ногоон зодогтнууд гэдэг байсан. Нутгийнхаа хүчтэнүүдээс ярина уу?
Манай Баянхонгор аймаг бол эрт дээр цагаасаа хүчит эрчүүд их байсан нутаг. 1950-аад онд Пагмын Аюуш гэдэг хүн ирж улсад түрүүлж, сүүлд цолыг нь өгсөн. Олон сайхан тамирчин төрж гарсан. Чөлөөт бөхийн хүнд жингийн Монгол Улсын Гавъяат Тамирчин Улсын гарьд П.Сүхбат агсан, миний үндсэн бөхийн багш Монгол Улсын харцага Батболд Улсын начин Сэр-Од, Улсын начин Баянжаргал, Их богд дэвжээний бөх Улсын начин Чулуунбат. Энэ жил нутгаас хоёр шинэ цолтон төрж нутгийнхаа улсын цолтны тоог нэгээр нэмсэндээ баяртай байгаа. Улсын наадмын зургаагийн даваанд нэг нутгийн хоёр бөх хоорондоо тунаж нэг нь начин, нэг нь харцага цол авсан. Энэ бол Баянхонгор нутгийн бөхчүүдээс анхны тохиолдлол. Манай аймгаас 7 жилийн дараа хоёр улсын цолтон Баянбулаг сумаас есөн жилийн дараа харцага цолтон төрж хоёр ихэр харцагатай болсон. Цолоо ахиулж барилдахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийсээр байна даа. А.Доржханд 

0 сэтгэгдэл байна.