Онцлох мэдээ / Нийгэм
22
2019.10.11. 13:19 959 5

Тогооч Д.Түвшинбаатар: Амтлах, хурдан хөдөлгөөнтэй байх, сэтгэх чадвар бол миний жор

Тогооч мэргэжлээр ОХУ, БНХАУ, Англид нийтдээ 10 гаруй жил ажиллаж амьдарч, суралцаж ирээд 2016 оноос эх орондоо ирсэн. "Lord garden” лоунжын ерөнхий тогоочоор ажиллаж буй Дагвадоржийн Түвшинбаатартай ажил мэргэжилийнх нь талаар ярилцлаа.

Тогооч Д.Түвшинбаатар: Амтлах, хурдан хөдөлгөөнтэй байх, сэтгэх чадвар бол миний жор

 

Бага насаа хаана өнгөрүүлж ,тогооч гэдэг мэргэжилтэй хэрхэн холбогдсон бэ?

-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Сонгино-Хайрхан дүүргийн 42 дугаар сургуулийг төгсөж улмаар оюутан болж "Монголжингоо” сургуульд график дизайнер мэргэжилээр сурч төгссөн. Гэхдээ миний эзэмшсэн график дизайны мэргэжил маань тогооч мэргэжилтэй уялдаа холбоотой. Өөрийнхөө хобби сонирхолдоо хөтлөгдөн тогооч мэргэжлийг сонгосон. Оюутан байхдаа Түмээ гэдэг ахаас хоол хийх талаар олон зүйл сурсан. Тэрээр европт олон жил болсон хоолны соёл, мэдлэг өндөртэй нэгэн. Түүнээс хоол хийх талаар суралцаж энэхүү мэргэжилтэй амьдралаа холбосон. Хоол хийгээд 15 жил болсон байна.

Гадаад оронд амьдарч ажиллаж суралцсан учир энэ талаараа ярихгүй юу?

-Би их азтай хүн. Нэг өдөр ажлаа хийж байтал гадаадад ажиллах санал ирсэн. Гадагшаа явахдаа би мэдлэгээ зузаан болгох, их юм сурах эргээд эх орондоо хэрэгтэй хүн болж үеийн залуучууд, дүү нартаа мэдлэг чадвар олгох зорилготой явж байсан. ОХУ, БНХАУ, Англи энэ гурван оронд нийтдээ 10 гаруй жил ажиллаж амьдарч суралцсан. Энэ гурван орноос хоолны соёлоороо Англи улс илүү хөгжсөн санагдсан. БНХАУ-ын хувьд хоолны түүх соёл ихтэй. Цаг уурын нөхцөл байдал, хоолны чиглэл, хоол хийж байгаа арга барилын хувьд Англи улс илүү байсан.

Эх орондоо хэзээнээс энэ мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн бэ?

-2013 онд ирсэн. Тэгээд 2014 онд буцаж яваад 2016 онд ирээд одоог хүртэл Монголдоо ажиллаж байна. Ирээд олон газар ажиллааагүй. Би их суурин байх дуртай. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл нэг газар, орчинд удаан тогтвор суурьшилтай байх тусмаа ихийг хийж бүтээнэ. Шинэ газар очиход дахин шинээр эхлэх, улмаар цаг хугацаа их алддаг.Ер нь эх орондоо ажиллах сайхан. Гадны оронд цалин өндөр ч ялгаагүй махарч ажиллаж, хөдөлмөрлөнө. Энд цалин бага ч адилхан ажиллаж байгаа. Гэхдээ авч байгаа мэдрэмж аз жаргал нь илүү сайхан санагддаг. Одоо "Lord garden” лоунжын ерөнхий тогоочоор ажиллаж байгаа.

Тогооч Д.Түвшинбаатар: Амтлах, хурдан хөдөлгөөнтэй байх, сэтгэх чадвар бол миний жор

 

Таны анх хийсэн хоол, одоо хийдэг хоолны чиглэл төрөл нь юу вэ?

-Анх 21 насандаа Итали паста хийж байсан. Миний хийдэг хоолны төрөл Веган, Эрүүл хооллолт /Healthy food/ мөн цагаан хоол юм. Энд бид биохимийн аргаар махыг зөөлрүүлж хооолондоо хэрэглэдэг. Энэ нь зөв хооллолтын эхлэл юм. Эрүүл зөв хооллолт гэдэг урт наслахтай яах аргаггүй холбоотой.

Таныхаар монголчуудын зөв хооллолт хоолны хэрэглээ, ямар байна вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй өөрчлөгдсөн гэж бодож байна. Манайхан мэдээлэл сайтай болсон юу хэрэглэж болох болохгүй гэдэг талаар мэддэг болжээ. Ихэнх нь гадагшаа явж, юм үзэж нүд тайлж хоолны тал дээр хандлага нь өөрчлөгдсөн мэт. Миний ажигласнаар 20-55 насны хүмүүсийн хоолны хэрэглээ өөр болсон.

Тогооч болгон өөрийн гэсэн жориой байдаг байх. Таны жор юу юм бол?

-Надад жор байхгүй дээ. Тогооч хүний гурван эрдэм гэж байдаг. Тэр л миний хувийн жор гэж боддог. Энэ нь амтлах чадвар ,хурдан хөдөлгөөнтэй байх, сэтгэх чадварыг хэлнэ. Хамт ажиллаж байгаа багийнхандаа дээрх гурван шаардлагыг үргэлж тавьдаг.

Хоол хийхэд хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Мэдээж хоол хийхэд гал тогооны тоног төхөөрөмж их чухал. Мөн багийнхан чухал юм. Бүх хүн ижилхэн мэдлэгтэй, адилхан суралцаж хамт хөгжих хэрэгтэй болдог. Би өөрөсөө илүү багынхандаа итгэдэг. Чадахгүй зүйл дээр багтаа зөвлөж мэдлэгээсээ харамлахгүй хуваалцдаг.

Гал тогооноос залхах, шантарч байсан тохиолдол бий юу?

-Шантрах тохиолдол гарч байсан. Би гал тогооны амьдарлыг тэгээс нь эхэлсэн, анх угаагч, бэлтгэгч тэгээд шат шат ахисаар байгаад одоо ерөнхий тогоочоор ажиллаж байна. Анх ажилд ороод 14 хоноод шантарч байлаа. Тэр үед барилгын ажил хийдэг хүмүүсийн гал тогоонд ороод нилээд их загнуулсан. Доороо би арав гаруй хүн удирддаг байж яагаад загнуулдаг билээ яагаад би загнуулах ёстой гэж бодож явсан үе бий.

Тогооч Д.Түвшинбаатар: Амтлах, хурдан хөдөлгөөнтэй байх, сэтгэх чадвар бол миний жор

 

Өөрийгөө хэрхэн хөгжүүлж ирсэн бэ?

-Англи хэл дээр ном уншдаг байлаа.Тухайн үедээ орчуулгын хэдэн номтой хараад л заримдаа орчуулаад унших үед зарим өгүүлбэр нь эвлэж өгдөггүй байсан. Ер нь янз бүрийн аргаар үзсэн. Мэдлэгийнхээ 30 хувийг номноос авсан гэж боддог. 2010 оноос интернэтээс мэдээлэл авч суралцаж, сурсан зүйлээ буцааж туршиж өөрийнхөө хэв маягт тааруулж хөрвүүлэх арга замаар өөрийгөө хөгжүүлж ирсэн.

Та амьдралыг хоолоор зүйрлэвэл?

-Миний бодлоор амьдрал бол маш олон өнгө орсон идэхэд сонирхолтой өөрийн гэсэн амттай нэг гашуун,чихэрлэг, халуун ногоотой эсвэл ямар ч амтгүй халбагдах болгонд өөр өөр амттай хоол гэж боддог.

Хоол хийхээс өөр ямар зүйлд цаг заваа зарцуулдаг вэ?

-Би зураг авах дуртай. Энэ мөн л хоол хийхтэй холбогддог. Бас сошиал маркетинг чиглэлээр сонирхож судалдаг. Фэйсбүүк дээр "Mongolian food” гээд хуудсаараа дамжуулан хоол хийх бичлэг оруулж хүмүүст хүргэдэг Youtube суваг мөн байдаг. Энэ талаар хүмүүс их нээлттэй хүлээж авдаг.

Өөрийн шавь нар бий юу?

-Надад 50-60 орчим шавь байгаа. Шавь нар маань миний хоол хийх хүмүүжилийг сурч авсан хүмүүс. Үзэл бодлыг минь хуулсан юм шиг шавь нар олон. Одоо ихэнх нь ахлах, ерөнхий тогоочоор ажиллаж байна.

Цаг төлөвлөлтийнхөө талаар ярих уу?

-Миний хувьд хүмүүсийн дагж мөрддөг зүйлсээс арай өөр. "Өглөө болгон нар манддаг тийм учраас тэр өдөр хамгийн сайхан өдөр” энэ үгийг өглөө бүр сэрэхдээ бодож сэрдэг. Миний хүндэлж явдаг хүн энэхүү үгийг надад хэлж байсан. Өглөө би 05:00 цагт босож 06:00 цагт ажилдаа ирдэг орой 19:00 цаг гээд гэр рүүгээ харьдаг. Цаг төлөвлөлт цаг барилт дээр хатуу анхаардаг.

Тогооч болох хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Зав зайгүй хөдөлмөрлө. Утга учиртай өөртөө хэрэгтэй зүйлдээ цагаа зарцуул. Хэрэггүй мэдээлэл үзэж сонирхож байхаар ядаж өөртөө хэрэгтэй ганц ч гэсэн хоолны бичлэг олж үзэх хэрэгтэй. Юу бодож сэтгэнэ тэр биелдэг гэж үг бий. Хүний хамгийн чухал зүйл бол бодол. Бодлоо дагаад чухал байх хэрэгтэй. Мөнгөний төлөө биш хүсэл сонирхолынхоо дагуу хоол хийх урлаг соёл талаас нь хүлээж авах хэрэгтэй. Хэрвээ мөнгөний төлөө энэ мэргэжлийг сонгож байгаа бол эртхэн боль гэж хэлдэг.


5 сэтгэгдэл байна.

Мандах
2019.10.11 16:14
Миний ах хамгийн мундаг нь шүү амжилт
telmen
2019.10.11 16:58
Goodluck bro
.
2019.10.11 19:00
Мундаг залуу шүү өшөө их амжилт хүсье хийсэн хоолтой нь бол ярих юм байхгүй сайхан
Төмөрчөдөр
2019.10.13 00:21
Ангийн найздаа амжилт хүсье.
үүрэ
2019.10.13 23:59
мундаг тогооч ахдаа баярлалаа... Амжилт