Онцлох мэдээ / Уул уурхай
22
2019.11.20. 21:07 392 0

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

     Говь нутагт тулгамдаад удаж буй асуудлуудын нэг нь ундны ус юм. Энэ бүс нутагт хүн, мал, амьтан усны гачигдалд орчихоод "харангадаж” байна. Манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнх нь тэнд бий. Ялангуяа дэлхийд нөөцөөрөө томоохонд тооцогдох Оюу толгой, Таван толгой зэрэг ордууд оршиж буй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт энэ асуудал хурцаар тавигдаж байна. Уурхайн бүс дэх гол горхи, булаг шанд ширгэж үгүй болсоор байгаа нь нутгийн оршин суугчдыг ундны усгүй болгох, цаашлаад орон нутгаасаа дүрвэхэд хүргээд байна. Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйлдлээс болж мал, амьтан, хүн ард усны гачигдалд орж байгаад төр засгаас ч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай юм.

  

      Дэлхийн ихэнх улс орнууд ус хэрэглээнийхээ 80 орчим хувийг гадаргын усны эх үүсвэрээс хангадаг. Харин манай улс ус хэрэглээнийхээ арван хувийг гадаргын усаар хангадаг. Говийн бүс нутагт гадаргын ус ширгэж үгүй болсны улмаас ард иргэд төдийгүй, уул уурхайн компаниуд 100 хувь гүний усыг хэрэглэж байгаа нь цаашид ус  энэ бүс нутагт ор тас үгүй болох эхлэл болоод байна. Гүний ус нь шавхагддаг төдийгүй багаар бодоход 10-30 мянган жил, цаашилбал нэг сая жилийн дараа нөхөгддөг гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байдаг.


.

 

      2011 оны улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуурын 483 нь ширгэсэн. Өнгөрсөн оны байдлаар манай орны газрын гадаргын усны 1495 эх үүсвэр ширгэж устсан гэсэн тооцоо гарчээ.

 

 

 

        Ингээд бид говийн бүс нутаг, уул уурхай орчмын малчдын усны хомсдол ямар байгаа талаар сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорьсон юм. Тус аймаг дахь "Алтайн өвөр говийн сав газрын захиргаа”-ны "Газрын доорхи усны хяналт шинжилгээ, төлөвлөлт” хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхзоригтой уулзлаа. Тэрээр: "Уул уурхай орчмын худаг болон булгийн ус хатаж ширгэх үзэгдэл ажиглагдаж байгаа. Энэ нь байгаль цаг уурын өөрчлөлт, уул уурхай, малын тоо толгойноос шууд хамааралтай” хэмээн ярьсан юм.


Манай улсын хувьд усны нөөц муу, нэн ядуу 22 орны тоонд багтдаг. Гүний усны нөөц муутай ч уул уурхайн олборлогчид ихэвчлэн говийн бүсүүдэд үйл ажиллагаа явуулж гүний усыг минут, секунд алдалгүй "сорж” байна. Гэтэл говь нутагт хур бороо орох нь ховор. Иргэдийн өдөр тутмын ярианы сэдэв нь ус болоод байгаа хэдий ч эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөстөж яаж ч чадахгүй байгааг иргэд халаглан ярьж сууна.

 "Уул уурхайн нөлөөллөөс усны ундарга татарч малчин бид мал маллахад улам хэцүү болж байна. Сүүлийн 5-10 жилд худгийн усны ундарга маш их муудсан. Энэ хэвээрээ   уул уурхайгаа ашиглах  юм бол мал аж ахуйгаа болих хэрэгтэй. Уул уурхай, малчин хоёр бол харш” хэмээн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын  малчин Х.Дэлгэрбат ярьж байлаа. 

 



 Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин А. Одгариг: " Манайх энэ худаг дээр 500 гаруй мал  усалдаг.   Усны ундарга нь хоёр хоноод  дээшилдэг. Бид чадахаараа арга хэмжээ авч байгаа боловч  уул уурхайтай холбоотой байдаг юмуу, байгаль цаг ууртайгаа ч   холбоотой  байдаг юмуу сүүлийн хэдэн жил худгийн ус ховордох болсон. Ер нь бол би уул уурхайтай  л холбоотой гэж үздэг. Эндээс 25 км зайтай  Оюутолгой байдаг. Манай энд ер нь  уул уурхайн өрөмдлөг салдаггүй одоо ч гэсэн энэ хойно байж л байна” гэсэн юм.  
 
 
           Говийн бүсийн  газар доорхи усны нөөцийг их хэмжээгээр уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах нь байгаль орчин бүс нутгийн гадаргын ус татрахад нөлөөлж байна. Тус нутагт сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөн. Мөн хуурайшилт ихтэй учраас хур тунадас маш бага ордог. Гэтэл гүний ус нь өөрөө гадаргын усаар тэжээгддэг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байна.

Бид уул уурхай ашигт малтмалын үр өгөөж, эдийн засгийн өсөлт гэж  үргэлж ярьдаг.  Харин газар доорх үнэт баялаг болох усаа шавхагдашгүй мэт санах цаг нэгэнт өнгөрчээ. Энэ хэвээрээ цааш үргэлжилбэл "Эзэнгүй говь”-той үлдэхэд ойртжээ. 


Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

 

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

 

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

 

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

 

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

Гадаргын ус татарчихлаа, гүний усаа гамная

 

                                                                                                                                     

                                                                                                                             

Сурвалжилсан: О. Од-Эрдэнэ  

Б. Ууганбаяр

Х. Мөнхбат

Д. Занданбат


 


 


 


 


0 сэтгэгдэл байна.