Онцлох мэдээ / Спорт
22
2020.05.21. 23:05 50 0

Токиогийн олимпийг дахин хойшлуулах уу?

Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өчигдөр энэ онд Японы нийслэл Токио хотод болохоор төлөвлөгдсөн олимпийн наадмын талаар ВВС агентлагт ярилцлага өгсөн байна. Энэ үеэрээ тэрбээр хэрвээ Токиогийн олимпийн хугацааг дахин хойшлуулах шийдвэрт хүрсэн нөхцөлд өөр улс оронд зохион байгуулах болно гэжээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 вирусын дэгдэлтийн улмаас зуны олимпийн наадмыг 2021 онд Токиод зохион байгуулах тухай шийдвэрийг хэдхэн сарын өмнө гаргаад байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн зуны олимпийн наадмыг 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд, Паралимпийн наадмыг 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-нд зохион байгуулахаар хугацааг нь хойшлуулаад байсан юм. Дэлхий даяар 5 сая гаруй хүн өвчилж, 330,000 хүн амиа алдаад байгаа нь олон төрлийн үйл ажиллагааг дахин төлөвлөх, төлөвлөгөөг дахин хянахад хүргээд байгаа юм. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч ярилцлагадаа "Энэ асуудлын хүрээнд бид Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж ажиллах болно. Бид наадмыг бүх оролцогч талуудын аюулгүй байдлыг харгалзан үзэж зохион байгуулах гэсэн ганцхан зарчим баримталж байгаа. Нэг жил, хоёр сарын дараа дэлхий ертөнц ямар байдалд хүрэхийг хэн ч урьдчилан таашгүй нөхцөл байдалд байна. Иймээс бид шинжээч, мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүлээн авч тухайн цагт нь тодорхой шийдвэрээ гаргана” хэмээн дурьджээ.

0 сэтгэгдэл байна.