Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.23. 12:23 116 0

Ерөнхийлөгч Х.Баттулга Ялалтын баярт оролцохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэсэн байна.

Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа биечлэн оролцох боломжгүй байгаа юм.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа аж.

0 сэтгэгдэл байна.