Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.06.27. 09:40 99 0

Дэлгүүр, паб, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Энэ захирамжийн хугацаа хэрэгжиж дууслаа. 

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зургадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгаж байна.

Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн "Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хяналт тавьж ажиллана. Цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдэж байгаа дуудлага энэ сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим ирж байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн Засаг дарга өмнө нь архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон захирамж гаргасан. Тухайн үед 70 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тиймээс энэ удаагийн захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд болон иргэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг хүсэж байна” гэв.

Дээрх захирамжийн хүрээнд хяналт тавьж ажиллахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гарч, хороо дүүрэг бүрт улсын байцаагч нар хяналт тавих аж. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. 

Шинэ коронавируст халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 07:00-00:00 цаг хүртэл ажилладаг ААН-үүдийн цагийн хуваарийг богиносгож 07:00-22:00 цаг хүртэл ажиллуулах Хотын даргын 2020 оны А/616 дугаар захирамж өнгөрсөн тавдугаар сард гарч байсан юм.

0 сэтгэгдэл байна.