Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.2. 08:17 123 0

ЭЕШ-ын үйл ажиллагаанд 65 байцаагч хяналт тавьж ажиллана

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ. Улс орон даяар долоодугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулагдах энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалт өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохиогдож байгаагаараа онцлогтой. Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын 65 байцаагч хяналт тавьж ажиллах аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцад урьдчилан сэргийлэх шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ жил энэ оны төгсөгч 27999, өмнөх оны төгсөгч 2903, нийт 30902 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ширээ хоорондын зайг 1.5-2 метр байлгах ба нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд суулгахаар тооцон шалгалт авах байр, ангиудын тоог нэмэгдүүлсэн байна. Өмнөх онтой харьцуулбал шалгалтын байрыг 35-аар нэмж нийт 85 байранд шалгалтыг зохион байгуулахаар болсны 42 нь хөдөө орон нутагт, 43 нь Улаанбаатар хотод байрлаж байна.
Шалгалтыг зохион байгуулах байруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд:

  • 27.8 хувьд нь зураглал хийж байршуулаагүй,
  • 14.7 хувьд санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй,
  • 5.9 хувьд гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй,
  • 38.2 хувьд анги танхимд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулаагүй,
  • шалгалт авах ангиудын 56.7 хувийг камержуулаагүй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах явцад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шалгуулагчийг түр тусгаарлахаар 85 өрөөг тохижуулж бэлтгэсэн байна. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй /хараа, сонсголын/ 11 шалгуулагч шалгагдахаар бүртгэгдсэн байх бөгөөд тэдгээр иргэдийн анги танхимд орох, гарах хөдөлгөөний зохицуулалтыг хийж, анги танхим, ариун цэврийн өрөөг мөн тохижуулж бэлтгэсэн байна.

Эх сурвалж: МХЕГ

0 сэтгэгдэл байна.