Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.07.3. 13:35 136 0

"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.

Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан 7, 8, 9 дүгээр сард зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хүний амь нас эрсддэг. Иймд Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд "Яараад яах вэ дээ” уриатайгаар зохион байгуулж эхэллээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэлээдгүй ажлуудыг зохион байгуулахаас гадна Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах юм.

"Яараад яах вэ дээ” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар "Оюутолгой” ХХК, "Мобиком Корпораци” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд ийнхүү зохион байгуулж буй юм. Мөн тус аяныг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллахаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээг жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ. 

0 сэтгэгдэл байна.