Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.09.8. 14:30 131 0

Сугалаанд хамруулах хүүхдийн орон тоог нэмэх нь ажил эрхлэлтийг дэмжинэ

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө сэдэвт судалгааг БШУЯ, Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын хүрээлэнтэй хамтран гүйцэтгэсэн байна.

Тус судалгааны үр дүнд улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй хэрэгсэл болж байгаа бөгөөд ялангуяа олон хүүхэдтэй ээжид улсын цэцэрлэгийн үйлчилгээг чиглүүлэх нь ажил эрхлэлтийг дэмжихэд илүү үр дүнтэй болохыг тогтоожээ.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг: "Хүүхэд төрүүлэх, асрах нь эмэгтэй хүний хөдөлмөх эрхлэлтийг бууруулдаг гол хүчин зүйл юм. Тухайлбал, 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны хүйсийн ялгаа маш их байна. Хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажиллах хүчинд оролцохгүй байгаа гол шалтгаан нь хүүхдийн асаргаа байдаг. Тиймээс олон хүүхэдтэй ээжүүдэд улсын цэцэрлэгийн үйлчилгээг чиглүүлэх нэн шаардлагатай байгааг судалгааны үр дүн харуулж байна. Өөрөөр хэлбэл улсын цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэнээр эцэг, эхийн ажил эрхлэлт, орлогод шууд нөлөөлөх боломж бүрдэнэ гэсэн үг.” гэв.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Соёлмаа: "Судалгааны үр дүгээс танилцуулбал, цэцэрлэгийн элсэлтийн эхний жилд хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл өндөр байгаа юм. Харин дараагийн жилээс өвчлөл буурч байна. Энэ талаар бид илүү дэлгэрэнгүй судлах болно. Түүнчлэн элсэлтийн тасалбар аваагүй олон тооны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан нь судалгаагаар тогтоогдсон. Сугалаа нь хязгаарлагдмал орон тоог шударга хуваарилах арга зам хэдий ч элсэлтийн тасалбар аваагүй олон хүүхэд улсын цэцэрлэгт орсон нь бага насны хүүхдүүдийн боломж тэгш бус байгааг харуулж байна. гэсэн юм.

Энэхүү судалгааны тайлангийн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс энэ сарын 10-ны өдөр "Нөлөөллийн үнэлгээний Монгол Улсын туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм байна.

0 сэтгэгдэл байна.