Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.13. 15:41 91 0

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 30 жилий ой тохиож байна

 

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 30 жилий ой өнөөдөр тохиож байна.

Тэртээх 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын бага хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна.

Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж бий болсон нь гэнэтийн санамсаргүй тохиолдол байгаагүй бөгөөд харин улс орны түүхэн хөгжлийн зүй ёсны үр дүн, шинэ үе шат болжээ. Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны тавдугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын их хурлаас баталсан "БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан байна. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.

Улсын бага хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын их хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын бага хурлын гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Улсын бага хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын их хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай улс болсон түүхтэй.

 

0 сэтгэгдэл байна.