Онцлох мэдээ / Улс төр
22
2020.09.23. 11:10 206 0

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлан, хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 онд тус улсад хийсэн айлчлал зэрэг нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол улсад найрсаг элэгсэг ханддаг БНЭУ-ын элчин сайдтай уулзаж байгаадаа талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мөн тэмдэглэсэн байна. Энэ удаагийн уулзалтаар Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Улмаар Энэтхэг улсад Монгол Улсын зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлт хийхэд хамтран ажиллах асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцсний зэрэгцээ зарим төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Манай улс БНЭУ-тай 1955 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Энэ түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаад Монгол Улсад суугаа БНЭУ-ын элчин сайд талархаж байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.