Онцлох мэдээ / Зөвлөгөө
22
2020.10.3. 13:18 647 0

Вакцины тунг бүрэн хийлгэвэл 15 жилийн дархлаа тогтоно

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд насанд хүртэл нь төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тухайн өвчний эсрэг вакциныг хийдэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч ялгаагүй вакцинд хамрагдах шаардлагатай болдог. Үүнийг  дархлаажуулалт хэмээн дэлхий нийтээрээ нэрлэж заншжээ. Дархлаажуулалт бол хүн бүрийн үүрэг бөгөөд үр хүүхэд төдийгүй нийгмээ хамгаалах арга юм.

Иргэдээ вакцинд хамгийн идэвхтэй хамруулдаг орноор АНУ, Канад, Австрали тэргүүлдэг бол Африк тивийн хөгжил буурай 21 оронд гэхэд 14.3 сая бага насны хүүхэд шаардлагатай дархлаажуулалтад огт хамрагдаж чаддаггүй байна. Хавар, намар жилд хоёр удаа зохион байгуулдаг товлолт вакцинд хүүхдээ хамруулах нь ямар үр дүнтэй болохыг ээлжит зөвлөгөө булангаараа та бүхэнд хүргэж байна.

Хүүхэд нэг нас хүртлээ товлолд орсон бүх вакциныг хийлгэх ёстой. Хүн насан туршдаа өөрийн биедээ зуун антигенийг авах боломжтой аж. Товлосон хугацаанд вакцинаа хийлгэсэн хүүхэд өндөр дархлаатай болдог нь судалгаагаар ч, амьдрал дээр ч батлагдсан болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Манай улс анх 1940 онд цагаан цэцэг өвчний вакциныг хийж эхэлсэн байна. Вакциныг хэзээ хийж эхэлдэг вэ гэвэл тухайн өвчний нянг сайтар судалж, тогтоосны дараа аж. Өвчин өөрөө ямар нянгаар үүсгэгдэж байгааг нь судалж, тогтоогоогүй байж вакцин гаргаж авах боломжгүй байна. Тухайлбал, Улаан бурхны вакциныг нэг биш, хоёр тун авч байж дархлаа тогтдог. Гэтэл эхний тунгаа авчихаад хоёр дахь тунгаа аваагүй хүүхэд эндсэн тохиолдол гарч байсан. Иймээс вакцин бол өнөөгийн анагаах ухаанд халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

Вакцин нь хүн бүрт харилцан адилгүй үйлчлэл үзүүлдэг сөрөг талтай. Яг ижилхэн вакциныг нас чацуу хоёр хүүхдэд зэрэг хийлээ гэхэд тухайн хүүхдийнхээ дархлаа хэр сул байгаагаас шалтгаалаад өөр өөрөөр үйлчлэх тохиолдол байдаг. Хамгийн гол нь ийм тохиолдлуудыг мэргэжлийн хүмүүс анхааралтай ажиглаж байх ёстой болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. ДЭМБ-аас дэлхий даяар бүх вакциныг баталгаажуулдаг тул бид вакцины чанарт бус биеийн дархлаандаа анхаарал хандуулах нь чухал ажээ. Мөн тухайн вакцины тунг бүрэн хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтдог аж.


0 сэтгэгдэл байна.