Онцлох мэдээ / Улс төр
22
2020.11.7. 14:00 262 0

Я.Содбаатар: Дотоодод халдвар тархаагүй учир УОК-оос ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй

Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар "Шинэ жилийн арга хэмжээг хориглосон. Шинэ жилийн арга хэмжээнд юуг хамруулах вэ гэдгийг тодорхой болно. Урлаг, спортын арга хэмжээ, үйлчилгээний газрууд хамрагдах гээд байсан учраас энэ асуудлыг тодорхой болгоно.  Мөн БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл явж байна. Монгол Улс ажиллах хүчин оруулж ирэхтэй холбоотой үйл явдал бүрэн хяналтад байгаа. Зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтныг оруулж ирж байна. Энэ шаардлага манайд байна.

Ажиллах хүчинтэй холбоотой олон ажил зогссон. Удирдах албан тушаалтнууд орж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Цэвэрлэх байгууламж, хэд хэдэн эмнэлэг, Налайх, Дарханы замыг бүрэн дуусгах хэрэгтэй байна. Энэ бүхэн дээр гадны ажиллах хүчин оруулж ирэх шаардлага гарч байна. Технологийн нарийн зүгшрүүлэлт хийх шаардлагатай байна.  

Маш хатуу хяналт доор, цөөн тоогоор оруулж ирж байна. Гэтэл өчигдөр шөнө оруулж ирж байгаа мэтээр, хяналтгүйгээр оруулж ирж байгаа мэтээр мэдээлж байна. Хууль зөрчигдсөн хараа хяналт алдагдсан зүйл байхгүй. Энэ хүмүүс 21 хоног тусгаарлалтад орж, гурван удаагийн шинжилгээ өгч байгаа. 

УОК-ын ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн. Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. УОК-ын шуурхай штаб энэ аймгуудад очиж ажилласан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг чиглэлүүд өглөө. Иргэдэд хандаж үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээн, боловсролын байгууллагуудад маск заавал зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байна. 

Алтанбулагийн боомтод ЗТХ-ийн сайд Л.Халтар, ЭМ-ийн сайд Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

Хүнсний хангамж нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ургац хураалт 95 хувьтай, өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдлээ. УОК-оос ямар нэгэн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй. Дотроо коронавирус тархаагүй.

 

Сэлэнгэ аймагт нөхцөл байдал амаргүй байна. Яагаад гэвэл хойд хөршид өвчлөл нас баралт огцом нэмэгдсэн. Тийм учраас хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажилласан. Сэлэнгэ аймагт Сүхбаатар болон Алтанбулаг боомт байдаг. Сүхбаатар боомт хэвийн ажиллана. Алтанбулагийн боомтоор нийт импортын 9,2 хувь орж ирж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн харьцангуй бага орж байна. Тиймээс хүндрэл багатайгаар эрсдэлийг бууруулах бодолтой байна. 
Сүүлийн өдрүүдэд өдөр болгон ковидын тохиолдол илэрч байна. Тиймээс Алтанбулагт карантины бүс тогтоосон. Орж ирж байгаа жолооч нарыг 72 цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой байгаа ч тэр болгон чадахгүй байна. " гэлээ.

 

 

 

 

 

0 сэтгэгдэл байна.