Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.23. 11:41 243 0

ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна.

Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораторийн шинжилгээгээр өчигдөр 17.00 цагаас хойш коронавирусийн 11 тохиолдол шинээр бүртгэгдэн, нийт халдварын тохиолдол 640 боллоо. Энэхүү 11 тохиолдол Улаанбаатарт илэрсэн байна. Шинжилгээгээр орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр дүгээр сарын 22-нд улсын хэмжээн дэх лабораториудад 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой хэвээр байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байна. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол хэвээр байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна.  Харин Улаанбаатар хотод 11 хүнд коронавирусын халдвар шинээр илэрлээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байгаа. Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байлаа. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлаж, үүнээс 39 хүнд гурав дахь давтан шинжилгээг хийгээд байна" гэв. 

2020 оны 11-р сарын 22-ны 11:00 цагийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо: 

  • Улаанбаатар 51
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 17
  • Орхон 17
  • Говьсүмбэр 1
  • Сэлэнгэ аймагт 98 байна.

НИЙСЛЭЛ, ТАВАН АЙМАГТ 327 ЦЭГТ 10 МЯНГАН ХҮН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

ОБЕГ-ын дарга Б.Ууганбаяр "Сэлэнгэ аймгийн гурван цэгт 12 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа бол 74 төрийн албан хаагч хорио цээрийн дэглэмийг баримтлуулахаар ажиллаж байна. Говьсүмбэр аймагт 11 цэгт 31 эмнэлгийн алба хаагчид ажиллаж байгаа бол 340 төрийн албан хаагч хорио цээрийн дэглэм сахиулж байна. Орхон аймагт 12 цэгт 42 эмч мэргэжлийн ажилтнууд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, төрийн 1029 алба хаагч хорио цээрийн дэглэмийг сахиулахаар ажиллаж байна. Нийлбэр дүнгээр 327 цэгт 10899 хүн үүрэг гүйцэтгэж, 7368 техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна" гэлээ. 

 

0 сэтгэгдэл байна.