Онцлох мэдээ / Улс төр
22
2020.12.30. 14:05 314 0

Ирэх оны гуравдугаар сарыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газар өнөөдөр /2020.12.30/ хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдээлэл өгсөн юм. 

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газрын хуралдаанаар цар тахалтай тэмцэх ажилтай холбоотойгоор гурван шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, УОК-оос гаргасан саналын дагуу 21 аймагт 2021 оны гуравдугаар сарыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар хотоос гадна зургаан аймгийн есөн суманд халдвар гарсан. Харин бусад аймгуудад халдвар гараагүй 15-43 хонож байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгаж байгаа юм.

Хоёрдугаарт, БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг хязгаарлаад нэг жил орчим болж байна. Нийт 20 боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл зогсоож байсан. Энэ хугацааг ирэх оны гуравдугаар сарыг дуустал сунгах шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ хугацаанд ачаа тээвэр болон тусгай үүргийн нислэгээр иргэдийг татан авах ажил хэвээр үргэлжилнэ. 

Гуравдугаарт, хөрөнгө гаргах шийдвэр гаргасан. Тусгаарлагдсан иргэдийн байр хоолны зардал, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын байр хоолны зардал, олон нийтийн цагдаад мөнгө урамшуулал олгох зэрэг байгууллагуудаас ирсэн зардлын асуудлыг шийдвэрлэлээ. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Засгийн газрын дөрвөн тогтоолоор халдварын голомт болоод хариу арга хэмжээнд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид, эмч эмнэлгийн ажилчдын  мөнгөн урамшуулал, халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэл зэрэг цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд Засгийн газрын нөөцөөс 20.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Өнөөдөр 1.7 тэрбум төгрөгийг цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд зарцуулах шийдвэр гарсан" хэмээв.

 

0 сэтгэгдэл байна.