Онцлох мэдээ
22
2021.01.8. 05:30 29 0

УОК, Засгийн газар хуралдаагүй, тэг зогсолт хийх талаар яриагүй

Маргааш буюу нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд тэг зогсолт хийх гэж буй гэх мэдээллүүд цахим сүлжээгээр гараад буй.

Тэгвэл энэ мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд өнөөдөр Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаагүй, тэг зогсолт хийх талаар яриагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Шадар сайд Я.Содбаатар 1.7 сая хүн оршин суудаг нийслэлд тэг зогсолт хийх боломжгүй гэдгийг өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлж байв. 

Эрүүл мэндийн яамнаас "Тэг зогсолт хийх саналыг ЭМЯ дангаараа гаргадаггүй. Халдварыг эсэргүүцэх чиглэлээр ажиллаж буй төрийн 17 байгууллагын судалгаа, саналд үндэслэн, тэдний саналыг нэгтгэж Засгийн газарт саналаа уламжилдаг. ЭМЯ-наас одоогоор тэг зогсолт хийх санал Засгийн газарт гаргаагүй байна” гэдгээ мэдээлээд байгаа юм.

Нийслэлд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд нэн шаардлагатай буюу 15 салбарын ажилтнууд ажиллах бөгөөд үйлчилгээ, худалдааны салбаруудад хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар сунгаж нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг болгосон.

0 сэтгэгдэл байна.