Онцлох мэдээ / Улс төр
22
2021.01.21. 16:23 410 0

У.Хүрэлсүх: Миний итгэж, найдаж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний жагсаалыг улстөржүүлж, санхүүжүүлсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон талаар мэдээлэл хийж байна. 

Өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хурал болсон. Уг хурлаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн ч хүнд цаг үед ачааг нь үүрч явсан хоёр сайдаа огцруулж байснаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь дээр гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. Ингээд уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, Удирдах зөвлөл дэмжсэн байна. Харин уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд дэмжсэн билээ.

Тэрбээр "Та бүхэнд хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийг ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байгаасай гэж хүссэн.

Цар тахлыг амжилттай давахын төлөө хөл хорио тогтоож, албан тушаалтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэхдээ бас зарим нэг нөхөд хариуцлага алдаж байна. Харамсалтай нь хөөрхий тэр эмэгтэй хүнд нөхцөлд хүний нүд хальтрам, элэг эмтрэм хүнд нөхцөлд шилжүүлсэндээ сэтгэл өвдөж байна. Энэ асуудлаас болж миний танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч ялагдлыг ч хамт үүрдэг. Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. 

Дайны гол шугаманд нөхдийнхөө хамт тулаанд ордог нь цэрэг хүний хувь заяа байдаг. Би бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах гол зорилго тавьж байсан. Гэвч манай Засгийн газрын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Манай иргэд төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг шаардсан. Энэ шаардлагыг би зөв гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Ерөнхий сайд гэсэн хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Маргааш, нөгөөдрийн дотор дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Цар тахлын хүнд цаг үед бид улстөр хийгээд суух үе биш. Хүнд нөхцөл байдлыг хурдан даван туулж, тогтвортой байдлыг хангах ёстой. Цагаан сарын дараагаас коронавирусний вакцин орж ирнэ. 

Миний итгэж найдаж хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, ард түмний үймээн самуунд уриалан санхүүжүүлсэн. Цаашид өдөөн турхирах гэсэн үйлдэл төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн түлхэгдэн орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин долоодугаар сарын 1-н битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Харамсалтай нь энэ ажлаа удаа дараа хийж чадахгүй, байгаа тул Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Миний бие улстөрөөс явж байгаа биш, шударга шүүхтэй, АТГ нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй" гэлээ. 

 

0 сэтгэгдэл байна.