Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох хэргийг өчигдөр /2020.01.22/ хянан хэлэлцлээ.
Шүүгчдэгч Н.Номтойбаярт оногдуулсан 5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хаслаа. Өмнөх шатны шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноосон юм.
Шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулбал:
Харин шүүгдэгч Н.Номтойбаярын хувьд, шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу нь тогтоогдоогүй. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд уг хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан Эрүүгийн хуулийн 23.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзлээ. Иймээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэж байна.
Мөн зөвлөлийн гишүүн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ууганбаяр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт дэмжих газрын ахлах мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нарын хувьд шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон нь тогтоогдоогүй, харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, энэхүү шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5.1 зүйлд заасан гэмт хэргийг агуулсан байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт Эрүүгийн хуулийн 23.5.1 болгон, шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарт Эрүүгийн хуулийн 22.1.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
- шүүгдэгч Н.Номтойбаярын Эрүүгийн хуулийн 23.1.5-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хорих ял,
- шүүгдэгч Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр нэг жилээр хасч, таван сая төгрөгөөр торгох ял,
- Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил хорих ял, Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж 6 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
0 сэтгэгдэл байна.