Онцлох мэдээ / Спорт
22
2021.01.23. 15:13 79 0

Үндсэн хуулийн 29 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн өнөөдөр эхэлж байна

Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ойд зориулан УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж буй шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр эхэлж байна.

Коронавируст халдварын цар тахлын улмаас Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнийг энэ жил анх удаа онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Монголын шатрын холбооноос мэдээллээ. Тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ "Анх 2013 онд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэхүү тэмцээнийг Шатрын холбооныхон, УИХ-ын дарга, гишүүдтэй хамтран санаачилж байсан түүхтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд тэмцээний нэр хүнд өсөж, цар хүрээ нь өргөжин тэлж, Монгол Улсын бүх аймаг,  сум, нийслэлийн дүүргүүдийг хамран өрнөдөг, оролцогчдын тоо 7000-д хүрдэг болсон байна. Сүүлийн жилүүдэд манай тэмцээн мэргэж­лийн түвшинд хүрч, тэмцээний аваргууд шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 шахам алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. УИХ шатрын спортыг ивээлдээ авч, улс орон даяар жигд дэлгэрүүлэн хөгжүүлэхийг зорьдог. Энэ зорилго, санаачилгыг дэмжиж, аймгаараа, сумаараа шатарчин болох хөдөлгөөн өрнөж, шатрын спортоор сонирхогчдын тоо нэмэгдэж, манай өсвөр, залуу үеийнхэн тив, дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасаар байгаа билээ. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, оюун ухааныг тэлдэг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, хатуужил тэвчээртэй болгодог, булчингийн хүчээр бус, арга ухаанаар бэрхшээлийг даван туулах чадвар олгодог онцгой спорт юм” гээд шатарчдад амжилт хүслээ.

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний хагас шигшээ шат энэ сарын 16-19-ний өдрүүдэд болж өндөрлөсөн. Швейцар системээр найман өрөг тоглосон эрэгтэйчүүдийн хагас шигшээ тэмцээнийг аймаг, нийслэлийг тус бүр дөрвөн бүс болгон зохион байгуулсан бөгөөд нийт 360 шатарчин оролцсоноос бүс тус бүрээс тав, нийт 40 шатарчин шигшээд шалгарчээ. Шигшээ тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 40 шатарчин болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 34 хүртэл шатарчин оролцож байна. Шигшээ тоглолтод эрэгтэй 75, эмэгтэй 90 шатарчин өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээн онлайнаар, lichess.org платформ дээр явагдаж байгаа бөгөөд бүх шатны тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчны хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, насанд хүрсэн 525 (давхардсан тоогоор) шатар сонирхогч оролцож байна. Шатарчид цагийн хяналт талдаа 10 минут, нүүдэл бүрд нэг секундийн нэмэгдэлтэйгээр түргэвчилсэн буюу Рапид төрлөөр өрсөлдөнө.

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь эрэгтэйчүүдээс 73 настай Б.Мягмарсүрэн (Сонгинохайрхан), эмэгтэйчүүдээс 73 настай Ш.Маяасүрэн (Өвөрхангай) бол хамгийн залуу нь 18 настай Н.Батмөнх (Дархан-Уул), Б.Нямдаш (Сонгинохайрхан) нар юм.

Мөн энэ удаагийн тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж, Ардын их хурлын депутат С.Билэгсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Л.Гүндалай нар оролцож байна.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдад УИХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагнал, эмэгтэйчүүдийн төрөлд шагналт байр эзэлсэн, мөн түрүү байр эзэлсэн ахмад шатарч болон чансаагүй шатарчин, түшээ нарт УИХ-ын Тамгын газрын Өргөмжлөл, тусгай шагнал олгох юм. Харин цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ удаагийн тэмцээнд медальт байранд шалгарсан шатарчдад спортын дэд мастерын цол олгохгүй юм байна.

Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр дуусах бөгөөд эцсийн нэгдсэн дүн 48 цагийн дараа гарна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл байна.