Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.23. 09:53 313 0

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг

 БНЭУ Монгол улсад коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хандивласантай холбогдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М. П. Сингхтэй ярилцлаа.

- Юуны өмнө халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд БНЭУ Монгол улсад тусламж үзүүлж вакцин бэлэглэсэнд талархаж байгаагаа уншигчдынхаа өмнөөс илэрхийлье. Энэтхэг улсад коронавирусын халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Энэтхэгт одоогийн байдлаар хэдэн хүн халдвар аваад байгаа вэ? Мөн хэдэн хүн вакцинд хамрагдаад байна вэ?

- Энэтхэг улс 1 тэрбум 300 сая гаруй хүн амтай. Монгол улс 3,3 сая хүн амтай. Хүн амын тоо их манай улсад 10,8 сая тохиолдол гарсан ч нас баралтын түвшин харьцангуй бага 1,4-1,5 хувьтай байна. 250000 гаруй хүнээ энэ өвчний улмаас алдаад байна. Манай улс цар тахлыг хохирол багатай даван туулах зорилготой эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийг нийцүүлэн ажиллаж байна. Ковидын халдварын эхэн үед манай улсад өдөртөө 93000 хүн халдвар авч байсан бол тантай ярилцлага хийгээд сууж буй энэ цаг хугацаанд ойролцоогоор 2000 хүн халдвар авч байна. Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэгч улсуудын нэгт манай улс ороод байна. 21 хоногийн хугацаанд бид 5 сая тун вакцин үйлдвэрлэсэн. АНУ, Израйл, Ихбритани улсад вакцин үйлдвэрлэхэд 23-45 хоног зарцуулж байна. Халдварын тоо их байгаа энэ үед цар тахлыг тогтоон барих боломж нэмэгдэж байгаа гэж үзэж байна. Цаашлаад манай засгийн газар эхний ээлжинд 300 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа. Эхний ээлжинд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэргүүн шугамынхан, эрсдэлт бүлгийхнийг энэ жилийн 6-р сар гэхэд вакцинжуулахаар ажиллаж байгаа, үйл явц тун амжилттай байна. Энэтхэгт 2 төрлийн вакцинд зөвшөөрөл олгосон. Үүний нэг нь Ковидын Бамбай Астра Зенека, нөгөө нь БиоТек-ийн Ковид вакцин юм. Одоогийн байдлаар бид 1 сая хүнийг вакцинд хамруулаад байгаа. Манай улсад 1-р сарын 16-наас вакцинжуулалт эхэлсэн. Одоогийн байдлаар манай улсын нийт эдийн засгийн 94 хувь нь энгийн үйл ажиллагаандаа шилжсэн, сүүлийн улиралд л гэхэд эдийн засаг эргэн сэргэх төлөв ажиглагдсан л даа. Цаашлаад бид 2021 онд эдийн засгаа 7 хувийн өсөлтөд хүргэхээр ажиллаж байна.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Ийм бэрх цаг хугацаанд манай улсад тусламж үзүүллээ. Энэтхэг улс Монголоос өөр бусад улсад үүнтэй ижил тусламж үзүүлж байгаа юу?

-Манай улсын хүн ам их хэдий боловч манай улсын засгийн газар даян дэлхийн асуудалд анхаарлаа хандуулж байгаагийн нэг илрэл гэж хариулах байна. Энэтхэг улсыг дэлхийн эмийн сан гэж ихэнх улс орнууд нэрлээд байна. Энэ нь Канад, Австрали, Мексик, Бразил, Саудын Араб, Өмнөд Африк гээд дэлхийн олон улс манай улсаас вакцин авахыг хүссэн хүсэлтээ гаргаж байгаатай холбоотой. Таны асуултад зарим тоо баримт дурьдан хариулахад өнгөрсөн 7 хоногт Энэтхэг улс 13 улсад нийтдээ 6,3 сая тун вакцин бэлэглэлээ. Үүнд Монгол улсад бэлэглэсэн 150,000 тун вакцин багтаж байгаа. Үүний зэрэгцээ ойролцоогоор 10 сая тунг 8 улсад арилжааны чиглэлээр экспортлосон. Вакциныг хандив, тусламжаар олгохын зэрэгцээ мөн боломжийн үнээр арилжаалж экспортлож байгаа. Энэтхэг улс хөршийн бодлогыг нэн тэргүүнд чухалчилдаг. Монгол улс манай улсын хувьд гуравдагч хөрш. Ийм ч учраас вакцин бэлэглэж байгаа юм.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Энэ цаг хугацаанд Энэтхэг дэхь вакцины үйлдвэр чухам хэдий хэмжээний захиалга авсан бол?

-Сайхан асуулт байна. Та бүхний мэдэж байгаачлан Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Астра Зенека вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон, КОВАКС хөтөлбөрийн нэг хэсэг юм л даа. Энэ хөтөлбөрт дэлхийн 130 улс багтсан. Монгол улстай адилхан тэдгээр 130 улс Ковидын бамбай вакцин үйлдвэрлэж буй Энэтхэг улсын Серум хүрээлэнг хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр, мөн надад байгаа мэдээллээр Астра Зенека вакциныг БНЭУ, БНСУ зэрэг 2 улсад үйлдвэрлэж байгаа. Астра Зенекаг үйлдвэрлэж байгаа манай улсын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг, дэлхийн хамгийн том вакцины үйлдвэр. Тэнд бүх төрлийн вакцин үйлдвэрлэдэг учраас хүчин чадал, багтаамж ихтэй. Чухам хэдий хэмжээний захиалга авсныг нь би таньд баттай хэлж чадахгүй ч дэлхийн 40 гаруй улсаас захиалга авсан гэдгийг баттай хэлж чадах байна. Хүчин чадалдаа тулгуурлан тусгай экспортын дэглэмээр ажиллаж, ойрын 2-3 сарын хугааанд 20-30 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мэдээж Энэтхэг улс өөрийн ард иргэдээ дотооддоо вакцинжуулах ажлаас их зүйл хамаарна л даа. Үйлдвэрлэж буй вакцины төдий хувийг дотоодын хэрэгцээнд, төдийг нь экспортлоно гэж хэлж чадахгүй боловч ойрын хэдэн сарын хугацаанд 30 сая гаруй вакциныг 25 улсад нийлүүлнэ.

-Нэгж вакцин чухам ямар үнээр нийлүүлэгдэж байгаа бол?

-Түрүүн дурьдсанчлан 2 төрлийн вакцин байгаа. Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа Астра Зенекагийн хувьд Энэтхэг улсын дотоодын зах зээл дээр 3 ам долларын үнэтэй. Экспортын үнэ нь мэдээж олон улсын зах зээлийн зохицуулалтын дагуу нэгжийн үнэ нь 10-11 доллар байна.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Зарим хүмүүс Энэтхэг, Монголын цаг агаар адилгүй учраас вакцины чанарын талаар сонирхож байгаа нь ажиглагдсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Ийм бодолтой хардаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Серум хүрээлэн нь дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгч, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамгийн том ханган нийлүүлэгч гэдгийг давтан хэлье. Хэрвээ дээр дурьдсантай адил тохиолдол гарсан бол дэлхийн хамгийн том ханган нийлүүлэгч нь болж чадахгүй байхсан. Дэлхийн нийт вакцины 60 орчим хувийг хангах захиалгатай ажилладаг. Энд хэрэглэж байгаа ихэнх вакцин Энэтхэгт үйлдвэрлэгдсэн, тэндээс ирдэг гэдгийг зарим хүмүүс мэдэхгүй байх л даа. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага вакцины үр нөлөөг 6,3-9 хувьтай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүмүүсийг вакцинжуулахаар болсон шүү дээ. Мэдээж олон хүн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа. Вакцин хийлгэхийг хүсч байгаа хүмүүс олон бий. Жишээлбэл, би ч гэсэн вакцин хийлгэхийг хүсч байна. Танай улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд вакцин хийлгэхээр болсон нь хүмүүст төрж буй айдсыг арилгаж, "Энэ вакцин аюулгүй” гэдгийг л хүмүүст ойлгуулахыг хүсч буй явдал шүү дээ. Энэ вакцин бол АНУ-д үйлдвэрлэгдсэн Фпайзер вакцин биш. Америкт өнөөдөр ч гэсэн халдвар авсан хүмүүсийн тоо өндөр байна. Европын улс орнууд, Испани, Бразил, Мексик гээд халдварын тоо өндөр улс орнууд байна. Тэгэхээр хүмүүс зөвхөн тоог л харьцуулаад байх шиг надад санагдаж байна. Вакцин хийлгэх эс хийлгэх нь тухайн хувь хүний сонголт гэж би бодож байгаа боловч нийгмийн хүрээгээр нь авч үзвэл засгийн газар нийт иргэдийнхээ эрүүл мэндийг эрсдэлгүй байлгахад анхаарч, хяналтаас гарахаас нь өмнө халдварыг тогтоон барих хэрэгтэй л дээ.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Та Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Таны энэ асуултад би 2 талаар хариулъя. Монгол улсын засгийн газар цар тахлын үеийг даван туулахын тулд хариуцлагатай ажилласныг сүүлийн нэг жилийн үйл явдал харууллаа. Өнгөрсөн жилийн 12-р сараас цар тахал дэгдсэн шүү дээ. Монголд 3-р сард хөл хорио хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ та бүхэн 3 сараас 11 сарын хугацааг аваад үзвэл халдварт өвчний тохиолдол тун бага байсан нь харагдана л даа. Түүнчлэн бодит байдалд маск зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугласан газар очихгүй байх гэх зэрэг олон зүйлийг даган мөрдөж байна. 11-р сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 2600 хүн халдвар авснаас 1933 хүн эдгэрсэн байна. 745 хүн эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд "Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулснаар тоо нэмэгдэж байгаа ч тэдгээр нь голомтлоогүй байна. Эндээс Монгол улсын засгийн газар халдварт өвчнийг илрүүлэх боломжтой нь харагдаж байгаа. Цаашид ч хийх ажил их бий байх. Шинжилгээ хийх тусам бид илрүүлж, мөшгих зэргээр халдвар дэгдэхээс сэргийлэх юм. Товчхон өгүүлэхэд би болон Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын дипломатууд, хамтран ажиллагсад маань цар тахлын дэгдэлтээс сэргийлж буй Монгол улсын үйл ажиллагааг талархан хүлээн авч байгаа. Хөл хорио болон хязгаарлалтын тухай ярихад өнөөдөр дэлхийн эдийн засаг хязгаарлагдаад байна. Бизнесийн олон салбарын 1/3 хувь нь, зарим салбарын тэн хагас нь тухайлбал, нислэгийн компаниуд, аялал жуулчлал, зочид буудал зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдчихсан байгаа. Хэрвээ халдвараас сэргийлэх ийм алхам хийгээгүй бол мэдээж хүний амь насны гарз, эдийн засгийн аюулгүй байдал одоогийнхоос ч илүү их байх байсан. Аль ч улсын засгийн газар хүнээ хамгаалах, аюулгүй байлгах, эрүүл мэндийг нь хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэй байлгах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт буурсан боловч бусад эдийн засгуудтай харьцуулахад харьцангуй бага буюу 6-7 хувьтай байгаа гэж бодож байна. Экспорт сэргэсэн, зэс, алтны үнэ өссөн үеийг ашиглаж чадсан нь эдийн засгийн үйл явцыг бага ч болов урагшлуулж байгаа. Түүнчлэн Монгол улс Номад буюу "Нүүдэлчин” бонд гаргаж 600 сая доллартай боллоо. Энэ бондын захиалга нь 2,5 дахин их байсан нь Монгол улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад цар тахлыг амжилттай даван туулж байгаагийн нэг баталгаа юм.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Баярлалаа таньд. Та Монгол Энэтхэг 2 улсын харилцааны хэтийн төлвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэтхэг Монголын харилцааг түүхийн талаас харвал хэдэн мянган жилээр ярина. Сүүлийн жилүүдэд, ялангуяа сүүлийн 5 жилийн хугацаагаар ярьвал манай 2 улсын харилцаанд эдийн засгийн агуулга нилээд нэмэгдсэн гэж хэлж болох юм. Өмнө нь бид соёлын харилцаатай байсан бол өнөөдөр эдийн засийн харилцааны үүрэг нэмэгдсэн. Манай улсын Ерөнхий сайд Монгол улсад хийсэн айлчлалаас хойш харилцааны эрч хүч улам нэмэгдсэн гэж би хэлнэ. 2015 онд хийсэн айлчлалаар манай 2 улс стратегийн түншүүд болсон. Тэрхүү түүхэн айлчлалын үеэр засгийн газар хоорондын 13 гэрээ, бизнесийн салбарт 4 гэрээг байгуулж гарын үсэг зурсан. 2019 онд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр засгийн газар хоорондын 4, бизнесийн 2 гэрээг байгуулсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл л гэхэд нийтдээ 6 тэрбум долларын дэмжлэг үзүүлж буй томоохон төслийг энэ үед эхлүүлжээ. Энэ бол зөвхөн Энэтхэг улсаас үзүүлж буй томоохон тусламжийн төсөл юм. Үүн дээр шугам хоолойн 1,2 сая ам доллар, дэд бүтцийн 3-3,5 сая доллар гээд зарим зардлыг нэмбэл Монгол улсад хэрэгжиж буй бусад гадаад улс орнуудын төслүүдээс 2-рт орох том төсөл болох нь харагдана. Түүнчлэн бид Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуультай хамтран нийтдээ 220 сая долларын тусламжийг IT салбарын хөгжилд зориулж байгаа. Жишээлбэл, бид кибер аюулгүй байдлын сургалтын төвийн төсөл, Монгол-Энэтхэгийн найрамдлын сургууль, батлан хамгаалах, онцгой байдлын ерөнхий газар болон манай улсын гамшигийн менежментийн агентлаг зэрэг байгууллагуудын хооронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай 2 улсын харилцааг би үндсэн гурван салбараар илэрхийлбэл, бид Буддын шашны соёл уламжлалтай улсууд. Энэ бол соёлын харилцаа. Стратегийн түнш улсын хувьд ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр болсон олон амлалтууд бий. IT чиглэлд бидний харилцаа цаашид улам өргөжин тэлнэ. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг даган олон салбарын бизнес хөгжих нь лавтай. Энэтхэг-Монголын найрамдлын сургууль байгуулахаар төлөвлөснөөс гадна агаарын орон зайн тухайлбал, Телеком, хиймэл дагуулын холбоо харилцааны чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Түүнээс гадна бид сүү сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Монгол улс 5 сая гаруй үхэртэй. Үүний 1/3 хувийг арилжааны чиглэлээр ашиглаж болно гэж үзэж байгаа. Энэтхэг улс дэлхийд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг улс. Төгсгөлд нь тэмдэглэж хэлэхэд хүн амын тооны ялгааг үл харгалзан бид эрүүл мэнд, эм ханган нийлүүлэх салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэтхэг улсад Монгол улсаас олон хүн эмчилгээ хийлгэхээр очдог тухай зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй л дээ. Энэ нь нэгдүгээрт эрүүл мэндийн үйлчилгээний өртөг харьцангуй боломжийн, хоёрдугаарт эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээтэй холбоотой. Энэ сарын 24-нд хийгдэх тусгай нислэгээр л гэхэд Энэтхэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай 53 хүн явах гэж байна. Дээд боловсролын салбар мөн л бидний анхаарах салбарын нэг. Ингээд бодохоор бид гойд сайхан харилцаатай, энэ харилцаа цаашид ч үргэлжилнэ.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Монголд хэд хэдэн салбарт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай та яриандаа дурьдлаа. Монголын компаниудтай хамтран ажиллахад ямар бэрхшээл учирдаг вэ?

-Бэрхшээлийг компанийн түвшинд ярилгүй үйлдвэрлэлийн салбарын түвшинд ярих нь зөв байх. Компани хоорондын харилцааг үнэлэх боломжтой боловч үйлдвэрийн салбарын хоорондын бэрхшээлийг бид үнэлэх нь хамгийн оновчтой. Жишээлбэл, сүүлийн хугацаанд Хүннү Эйр 4-5 удаагийн нислэгийг Энэтхэг улс руу хийлээ, тухайн компани байнгын нислэг эхлүүлэхээр идэвхитэй ажиллаж байна. Энэ бол салбарын түвшин л дээ. 2019 онд анх удаа Энэтхэг Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн нь Энэтхэгийн компаниуд дэлхийн томоохон 500 компаниуд, Тата, Тема зэрэг группуудэд, бусад оролцогч талуудад зориулсан үйл ажиллагаа байсан юм. Эндээс бизнесийн харилцааны боломж өндөр байгаа нь харагдсан. Өнгөрсөн 1-р сард банкны салбарт Монгол улс томоохон өөрчлөлт хийж, Монголд хөрөнгө оруулах гадаадын иргэдийн хөрөнгийг баталгаажуулахаар боллоо. Дэд бүтцийн хөгжил, шилжилт хөдөлгөөн, холбоо харилцаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэх зэрэг салбарт томоохон сорилтууд байсаар л байна. Монгол улс хуурай газраар хүрээлэгдсэн бус хуурай газраар хэлхэгдсэн улс болно гэж би боддог. Хүрээлэгдсэн, түжигдсэн гэвэл түгжээтэй хэвээр байна. Харин холбогдсон, хэлхэгдсэн гэвэл та компаниудаараа дамжуулан холбогдож боломжтой гэсэн үг шүү дээ. Ихэнх Монголчууд шинэ санаа, шинэ технологийн эрэл хайгуул хийж эхлээд байна. Шинэлэг технологийн салбар дахь бидний хамтын ажиллагааг тухайлбал, интернэт, роботжуулал, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг харвал эдгээр салбарт ажиллаж байгаа Монголчуудын тоо цөөн. Энэ бол 2 улсын хоорондын иргэдийн төдийгүй 2 улсын хооронд гүүр болохуйц мэдээллийн салбарын аж ахуйн нэгжүүд, бизнесүүдийн харилцан ойлголцлыг нэгтгэх боломжийг бий болгож байгаа юм. Дээр өгүүлсэн үзэсгэлэнд ирсэн бизнесийн 32 компанийн төлөөллүүд газрын тос боловсруулах төсөлд оролцох хүсэлтээ гаргасан. 3 компани нэгдэж Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банкны төсөлд хамтран оролцож байна. Энэ мэтчилэн боломжууд их байна. Сорилтуудын тухай та асуусан. Сорилтуудыг дурьдвал дэд бүтэц, хэл, харилцан ойлголцлын бэрхшээлүүд бий. Гэхдээ Монголчууд оюуны чадамж өндөртэй, математикийн ур чадвар сайтай, интернэт технологийн чадамж өндөр зэрэг нь харилцан хөгжих нааштай шинж тэмдэг гэж би хувьдаа боддог. Шинэ засгийн газар, өдгөө 41 настай Ерөнхий сайд илүү олон зүйлийг хийж бүтээн, томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэдэгт би итгэж байна. Дундаж давхаргын амьжиргааг дээшлүүлэх, өртөг багатай орон сууцаар хангах, сэргээгдэх эрчим хүчний салбар, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг түүний алсын хараа нь биелэх боломжтой. Түүнчлэн эрчим хүчний салбарын болон эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Сорилт тус бүрийг засгийн газар анхаарч ажиллана гэдэгт би бат итгэлтэй байна.

Астра Зенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг


-Баярлалаа таньд. Манай улс таны хэлсэнчлэн "түгжигдсэн бус бусад улс оронтой нягт холбоо хэлхээтэй” улс болно гэдэгт би итгэлтэй байна.

-Холбоо хэлхээтэй байхын тулд та сэтгэл зүрхнээсээ аливаад хандах хэрэгтэй. Бид уян дулаан сэтгэл зүрхтэй, соёл, өв, уламжлалаараа холбоотой хүмүүс. Бид оюун санааны хөршүүд гэж нэгнээ хүндэлдэг. Бүх улс орны хүмүүсийг оюун санаагаараа нэгдсэн хүмүүс гэж хэлдэггүй шүү дээ. Бид цаашид хүн хоорондын холбоо харилцаагаа улам өргөжүүлж, хамтын ажиллагааны шинэ салбар дахь харилцаагаа улам бүр тэлнэ гэдэгт би бат итгэлтэй байна. Монголын залуу үе Энэтхэг улсыг сайн нөхөр, итгэж болох анд, нийгэм эдийн засгийн хөгжилд хамтдаа алхах улс гэж үзэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.




0 сэтгэгдэл байна.