Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.04.3. 10:55 123 0

Худалдааны төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 3-наас 18-ны хооронд гамшгаас хамгаалах одоогийн бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй байх, ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг түр зогсоох, зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтоосон.

Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болгожээ. Захирамжийн дагуу зоогийн газрууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй аж. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьсан байна. Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ. Үүнд

1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт

2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

5. Бүх төрлийн баар

6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб

7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт таваас дээш хүнтэй бол)

10. Алжаал тайлах төв

11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

12. Саун, бассейн

13. Дэн буудал

14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

15. Амралт, сувиллын газар

16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд таваас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй. Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссы "Коронавирусээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийх ёстой аж. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллах юм байна.

0 сэтгэгдэл байна.