Онцлох мэдээ
22
2016.03.19. 13:51 308 0

Өрх толгойлсон эцэг эхийг дэмжих хуультай болно

Энэ сарын 21-ний өдөр  болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийг чиглэсэн хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэж  УИХ-д санал оруулахаар  төлөвлөөд байна. Эдгээрийн нэг нь Өрх толгойлсон  эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл байх юм. УИХ-ын гишүүн Д. Оюунхорол нарын боловсруулсан энэ хуулийн төсөл нь өрхийн орлогыг дэмжих, амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах, хүүхдийн боловсролыг дэмжих, эрүүл мэндийг дэмжих зэрэг үйлчилгээний зохицуулалт агуулагдаж байгаа юм байна. Өнөөдөр Монгол улсад нийт өрхийн 10 хувьтай тэнцэх буюу 80,000 өрх толйголсон эцэг эхчүүд байна. Тэдгээрийн 80 хувь нь бага насны хүүхэдтэй бол 40,433 ээж,  7971 аав 18 хүртэлх насны хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байгаа юм. Бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг эхчүүдийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж нь хязгаарлагдмал учраас орлогын эх үүсвэр багатай,  энэ нь гэр бүлийн үндсэн хэрэгцээнд хүрэлцдэггүй. Энэ байдал нь хүүхдийг боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах зэрэгт тодорхой бэрхшээл болдог гэж хуулийн төслийг санаачлагчид үзжээ. Өрх толгойлсон эцэг эхчүүдэд нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд өрхийн орлогыг дэмжих зорилгоор аж ахуй эрхлэгчдэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхэлж, өөрөө өөртөө  ажлын байр бий болгосон нөхцөлд хөнгөлттэй зээл олгох, ажилд ороход нь ажлын байрны мэдээлэл зуучлалын дэмжлэг үзүүлэх зэргийг тусгасан байна. Харин амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлийн  хувьд төрийн өмчийн түрээсийн орон  сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй зээл авахад нь дэмжлэг үзүүлэх, харъяа дүүргийн цэцэрлэг, сургуульд  нэн тэргүүнд хамруулах, хичээлийн хэрэгслэл, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаад төрөөс үнэ төлбөргүй олгох зэрэг асуудлыг  оруулжээ. Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээнд 2-6 настай хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлөх, нэмэгдэл хоол тэжээл шаардлагатай хүүхдүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр хүнс, амин дэм  олгох, 2-6 насны хүүхдүүдийг өрхийн эмчийн тодорхойлолтоор рашаан сувилалд эмчлүүлсэн бол эрхийн бичгийн үнийн 50 хувь, унааны нэг талын зардлыг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэхээр тус тус тусгажээ.

0 сэтгэгдэл байна.