Хөндүүр сэдэв
22
2016.02.5. 16:43 1 239 0

Нөхөрлөл, хайр дурлал, мэргэжил: өсвөр насныхантай ярилцах сэдвүүд

Тухайлбал, эрт үе нь 11-14, 2 дах үе нь 15-19 насны хооронд үргэлжилдэг. Энэ насанд багадаа таны хормойноос салдаггүй, өдөрт тохиолдсон зүйлээ ам уралдан ярих хүүхэд тань үг  дуу нь цөөрч, амархан уцаарлаж, залхуурах, идэвхгүй болох шинж  тэмдэг ажиглагдана. Эдгээр шинж тэмдэгээс эцэг эхчүүд өсвөр насныхны нийгмийн дундах харилцаа, найз нөхөд, хамтрагчид нь ямархуу байгаад  санаа зовниж эхэлдэг. Улмаар хувь хүний эго болон ирээдүйн харилцаа, чиг хандлагын талаарх асуултууд эцэг эхчүүдийн санааг зовоож эхлэдэг. Ингэхээр өсвөр насныхантай  тодорхой сэдвийн талаар хэрхэн ярилцаж, санаа бодол, чиг хандлагыг нь тодорхойлж болох вэ?
11-14 насны өсвөр насныхан бүлэг дотроо ангилал, шатлалтай байдаг. Тухайлбал, энэ нь  харилцааны бүлэг болгон өөрийн гэсэн лидертэй, түүнийг тойрон хүрээлэгчтэй, тэднийг эсэргүүцэгчтэй зэрэг нийгмийн бүхий л  шинжийг агуулсан хүрээлэл үүсдэг. Бүлгийн тэргүүн, түүнийг тойрон хүрээлэгчид бүх бүлгийнхээ гишүүдийн үнэ цэнэ, дүрмийг гаргадаг.  Өсвөр насныхны зонхилох хэсэг нь ийм бүлэгт хамрагдаж, нэг нэгнээ гадуурхах, эсвэл нэг нэгнийхээ үзэл бодлыг эсэргүүцэх, улмаар дарамттай тулгардаг. Ингэхээр хүүхдийнхээ хэлж ярьж байгаа асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай. Тухайлбал,  сургууль дээрээ тохиолдсон зүйлийн талаар таны хүүхэд өөрөө ямар байр суурьтай ярьж байгаа, бүлэг, найз нөхдийнхөө дунд харилцааны тааламжтай байдалд байгаа эсэхийг танадах хэрэгтэй. Ийм үед нь та өөрийнхөө хүүхдэд "Чи цорын ганц. Давтагдашгүй үнэ цэнэтэй, зөвхөнчи өөрөө өөрийгөө үнэлэх ёстой” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Сургууль, ангидаа ямар байр суурь эзэлж, ямар үүрэг хариуцлагатай байдаг талаар хэрвээ найз нөхдийн хүрээлэл багатай бол энэ байдлаа  хэрхэн яаж өөрчлөх, юугаар туслах хэрэгтэй байгааг  асууж ярилцах хэрэгтэй.
Үнэ цэнэ
Өсвөр насныхан өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч,  үнэт зүйлээ өөрөө хамгаалж сурах нь тун чухал. Өөрөө өөрийгөө үнэлэх үнэт зүйл нь таны хүүхдэдээ зааж сургасан сургааль, зөвлөмж, олгосон боловсрол. Өөртөө итгэлтэй байх нь тухайн хүүхэд өөрт нь тулгарсан бүхий л нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах чанар, үнэнч шударга, хараат бус чанарын илрэл. Таны хүүхэд сурлага, спортоор заавал тэргүүлэгч байх албагүй. Хүүхдээсээ энэ талаар юу бодож явдаг талаар нь: Амьдралын хамгийн  үнэт зүйлийн талаар юу бодож явдаг, Өөртөө итгэл үнэмшил төрсөн зүйлдээ хэт үнэнчээр хандаж, хамгаалах ёстой эсэх, үнэт зүйл амьдралын явцад өөрчлөгдөж болох эсэх, амьдралын үнэ цэнийг өөр өөрөө харж байгаа  найзуудтайгаа маргалдаж мэтгэлцэхгүйгээр найзлан нөхөрлөж чадаж байгаа эсэх, энэ талаар бусадтай маргалдах бэрхшээл тулгарч байгаа эсэх, юугаар туслаж болох талаар асууж ярилцаж болох юм.
Хил хязгаар ба аюулгүй байдал
Энэ бол дээр өгүүлсэн үнэт зүйлтэй холбогдох асуудал. Зарим хүмүүсийн дунд бусдын эрхэнд хэт халдах, бие махбодийн хязгаарыг давах тохиолдол гардаг. Өсвөр насныханд ийм хязгаарт нь халдаж байгаа үг болоод биеийн үйл хөдлөлийг эртнээс таньж мэдрэх ухаанд сургах хэрэгтэй. Тодруулбал, түүний найзалж нөхөрлөж байгаа хүмүүс  сэтгэл санаа хийгээд бие махбодийн хувьд тайван амгалан байлгаж чадаж байгаа эсэх нь тун чухал асуудал. Танихгүй хүмүүстэй ярихгүй байх, цахилгаан шатанд танихгүй хүмүүстэй хамт орохгүй байх, эрсдэлтэй үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байх, тамхи, хар тамхины хор хөнөөлийн тухай тэдэнтэй эвтэйхэн нөхцөл байдалд ярилцах хэрэгтэй. Өсвөр насны охидод биеэ хамгаалах аргачлалын талаар ч заавар зөвлөмж  өгч байх хэрэгтэй. Тэдэнтэй: Хаана, ямар нөхцөлд өөрийгөө аюулгүйд тооцдог, аюултай нөхцөл байдалд орсон мэдрэмж төрж байсан  эсэх,  хэрвээ ийм мэдрэмж төрсөн бол бие махбодийн болоод  өгүүлэмжийг хэрхэн мэдэрсэн, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бодож үзсэн эсэх зэрэг талаар ярилцаж болно
Нөхөрлөл
Өсвөр насныханд хамгийн чухал харилцаа нь нөхөрлөл байдаг. Хэн нэгэнтэй ойртон нөхөрлөх нь нийгэмд төлөвших хамгийн анхны алхам болдог учраас насан туршийн нөхөрлөлөө олоход нь ч бас та туслах хэрэгтэй.  Хамгийн дотнын найз нь хуурамч зан чанар гаргах, үл ойлголцох, хууран мэхлэх нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, ирээдүйд хүмүүстэй ойртон нөхөрлөж, өөрийн гэсэн хүрээллээ бүрдүүлэх, зарим тохиолдолд хайр дурлалд нь хүртэл зааг тавьдаг байна. Ингэхээр та хүүхдээсээ хамгийн сайн найз нь хэн болох, яагаад түүнийг сонгож найзалсан, ямар зан чанар нь илүү таалагдаж, татагддаг, тэр чамайг хэрхэн үнэлдэг,  найзыгаа хэрхэн үнэлдэг зэргийнх нь тухай ярилцаж болно
Хайр дурлал
11 насныхан заримдаа дурлаж шохоорхдог. Өсвөр насныхантай  хайр дурлалын тухай ярина гэдэг тун хүнд. Тэд ичиж зовдог, нуухыг хичээдэг,  бусдаас хүчтэй, хараат бус байдлаа илэрхийлэн гаргахыг хичээдэг учраас хайр дурлал тэднийг илүү мэдрэмтгий, эмзэг болгодог. Ийм ч учраас хайр дурлалын тухай асуусан таны асуулт хариултгүй үлддэг. Тэгэхээр  энэ насныхантай хайр дурлал гэдэг бол асар их аз жаргал боловч зарим тохиолдолд бүтэлгүйтдэг. Энэ шалтгаанаар сэтгэлээр унах шаардлагагүй. Энэ бол түүний сонгож дурласан охин эсвэл хөвгүүн нь өөр  сонирхолтой гэдгийг харуулж байгаа гэдгийг нь сайтар тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Мөн хэзээ нэгэн цагт өөрийг нь үнэнчээр хайрлах, үнэт зүйлийг нь хүндэтгэх хайртайгаа учирна гэдгийг ч  бас хэлэхээ мартаж болохгүй
 Бэлгийн амьдрал
Өсвөр насныхан 14 наснаасаа бэлгийн амьдралын тухай мэдлэг мэдээлэлтэй болж эхэлдэг. Энэ  сэдвээр зөв ойлголт өгөх хэрэгтэй учраас тодорхой цаг хугацаанд энэ сэдвийг хөндөх хэрэгтэй. Бэлгийн харилцаа бол хайр дурлалын гол илэрхийлэл учраас сонжих, сонирхож бэлгийн харилцаанд орох нь эрсдэлтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Бэлгийн харилцаа нь аз жаргал, тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэг боловч энэ бүхний цаана асар том хариуцлага оршдог учрас өөрийнхөө найз хөвгүүн болон охиныхоо амьдралын үнэ цэнэ, итгэл үнэмшилийг хайрлан хамгаалж, хүндлэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хариуцлагатай  байх ёстойг сануулах хэрэгтэй.
Мэргэжлийн сонголт
14 наснаасаа эхлэн хүүхдүүд ирээдүйн ажил мэргэжлээ сонгох сонголтоо хийдэг гэж ихэнх сэтгэл зүйчид үздэг байна. Зарим эцэг эхчүүдийн хувьд өөрийнхөө хүрч чадаагүй оргилд хүрэхийн тулд хүүхдийнхээ сонирхолыг үл харгалзан заавал эмч эсвэл хуульч болгохыг муйхарлан хүсч шахаж шаарддаг нь хүүхдийнхээ үнэт зүйлийг үгүй хийж байгаа хэрэг. Үүнийхээ оронд хүүхдийнхээ сонирхож байгаа ажил мэргэжлийнх нь тухай яриа өрнүүлэн, сонирхолыг нь дагуулан сонголт хийлгэх нь илү үр дүнтэй байдаг. Тухайн хүүхэд юунаас илүү сэтгэл зүйн тааламж авч байгааг тодорхойлох хэрэгтэй. Авъяас билгийг нь тодруулж, сонголтоо зөв хийхэд нь  туслах л таны үүрэг байх ёстой. Ингэхээр хүүхэдтэйгээ ямар мэргэжилтэй хүн болохыг хүсч байгаа, яагаад энэ мэргэжил түүнд таалагддаг, тухайн  ажил мэргэжлийн онцлогийн талаар ямар төсөөлөлтэй байгааг тодруулан асууж, сонголтыг нь хүндэтгэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Хэрвээ хүүхдийнхээ сонголтонд сэтгэл ханамжгүй байгаа бол та тухайн ажил мэргэжлийн сөрөг, сул талуудын талаар мэдээлэл өгч болно. Ингэхдээ  өөр ажил мэргэжил сонгохыг хэзээ ч ятгаж, тулган шаардаж болохгүйг санаарай. Мөнгө санхүүгийн хувьд санаа зовохгүй, оюунлаг, эсвэл сонирхолтой гэсэн тодотголоор  та зарим ажил мэргэжлийн талаар хүүхдээ мэдээлэл өгч болно. Гэхдээ эцсийн эцэст сонголтыг зөвхөн таны хүүхэд хийнэ гэдгийг мартаж болохгүй

0 сэтгэгдэл байна.