Олимп
22
2016.05.9. 14:51 639 0

Олимпийн эрх нэгээр нэмэгдлээ

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны Олимпийн 31-р наадам эхлэхэд 87 хоног үлдээд байна. Манай  улсаас энэ удаагийн олимпийн наадамд спортын хэд хэдэн төрлөөр 22 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Өчигдөр чөлөөт бөхийн төрлөөр ОУХМ Д. Хүдэрбулга Туркийн Стамбул хотноо зохион байгуулагдсан Сүүлчийн Сүүлийн  Боломж олимпийн эрх олгох тэмцээнээс эрэгтэйчүүдийн 97 кг-ийн жинд оролцох эрхээ авлаа.  Олимпийн эрх олгох сүүлийн боломж олгосон  эхний тэмцээн Улаанбаатар хотноо өнгөрсөн 4-р сард зохион байгуулагдсан. Сүүлчийн сүүлийн боломж Туркийн Стамбул хотноо болсон тэмцээнд манай улсаас 2 тамирчин оролцож, Д.  Хүдэрбулга олимпийн эрхээ авч Монгол түмнээ баясгалаа.  Эхний тойрогтоо хийлсэн тэрээр Косовогийн Эдон Шалаг 12:4-өөр, Тажикстаны тамирчин Рустам Искандерийг 11:0-ээр, хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатрийг 8:6-аар ялж, олимпийн эрхээ  өвөртөлсөн юм.  Энэ тэмцээний шигшээ барилдаанд Румынийн Саритовт 0:4-ийн харьцаатай ялагдаж, мөнгөн медаль хүртжээ.  Ингэснээр манай улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид бүтэн багаараа зуны 31-р олимпийн наадамд оролцох боломжтой болж байна. Тодруулбал, 57 кг-ийн жинд Э. Бэхбаяр, 65 кг-ийн жинд Г. Мандахнаран, 74 кг-ийн жинд П. Өнөрбат, 86 кг-ийн жинд О. Үйтүмэн, 97 кг-ийн жинд Д. Хүдэрбулга, 125 кг-ийн жинд Ж. Чулуунбат нар Рио 2016 олимпийн эрхээ аваад байна. Хэрвээ нэг улсаас нэг жинд 2 буюу түүнээс олон тамирчин  олимпийн эрхээ авсан тохиолдолд чухам хэнийг нь олимпод   оролцуулахаа тухайн орны холбоо шийдвэрлэдэг. Монголын чөлөөт бөхийн холбоо тун удахгүй Риогийн олимпийн наадамд оролцох  тамирчдынхаа нэрсийг албан ёсоор зарлах юм байна.

0 сэтгэгдэл байна.