Олимп
22
2016.05.14. 17:36 792 0

Пак Тхэ Хван Рио 2016-д оролцож чадах уу?

Усанд сэлэлтийн олимпийн аварга, Өмнөд Солонгосын тамирчин Пак Тхэ Хван Лозанна дах Спортын арбитрийн шүүхэд хандахаар болсноо мэдээлжээ. Түүнийг энэ жилийн 7-р сард зохион байгуулагдах олимпийн 31-р наадамд оролцохыг нь хориглоод байгаа юм. Өмнөд Солонгосын Үндэсний Олимпийн хорооноос  гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж Спортын арбитрийн шүүхэд хандах юм бана. 2014 онд   Пак Тхэ Хван хориотой эм бэлдмэл хэрэглэсэн  нь тодорхой болсон юм. Тодруулбал, 2014 оны 9-р сард болсон тэмцээний  үеэр авсан допингийн шинжилгээгээр анаболик стеройд төрлийн эм бэлдмэл хэрэглэснийг нь тогтоосон юм. Энэ хэрэг явдалтай холбогдуулан 2014 оны 9-р сарын 3-ны өдрөөс 18 сарын хугацаатай  олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан. Энэ хугацаа энэ жилийн 3-р сарын 2-ны өдөр дуусгавар болжээ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчинд  давхар шийтгэл ноогдуулж болохгүй гэсэн заалтын дагуу Өмнөд Солонгосын Үндэсний олимпийн хороо Рио 2016-д оролцуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцэх боломж нээлттэй  байгаа юм байна. Хван энэ заалтыг үндэслэн Спортын арбитрийн шүүхэд хандан үндэсний олимпийн хороотой яриа хэлэлцээ хийх зуучлагчаар оролцох хүсэлтийг тавиад байна.  Маргаантай талуудын яриа хэлэлцээг энэ сарын 25-ны өдөр эхлүүлэхээр товложээ. Тамирчны хүсэлтийг хүлээн  авснаа Спортын арбитрийн шүүх мэдээлж, улмаар тус улсын үндэсний олимпийн хороо, усан спортын холбоонд мэдэгдэл хүргүүлээд байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Хван 2008 онд Бээжинд болсон олимпийн наадмаас  400м-ийн чөлөөт сэлэлтийн төрлөөс алтан медаль хүртсэн БНСУ-ын анхны усанд сэлэлтийн олимпийн аварга юм. Мөн тэрээр Бээжингийн олимпийн наадмаас 200 м-ийн чөлөөт сэлэлтийн төрлөөр мөнгө, 2012 оны Лондонгийн наадмаас 200, 400м-ийн  чөлөөт сэлэлтийн төрлөөс  тус тус мөнгөн медаль хүртэж байсан юм.

0 сэтгэгдэл байна.