Олимп
22
2016.05.14. 21:02 877 0

Монгол улс Олимпийн их айлд нэгдсэн түүхээс

1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн манай улс 1962 онд Олон улсын Олимпийн хороо гэх нэгэн том гэр бүлд гишүүнээр элссэн түүхтэй. Ингэснээр манай улсын тамирчид хүн төрөлхтний спортын их баяр наадам олимпийн наадамд оролцох бүрэн эрхтэй болсон билээ. Зуны олимпийн 18-р наадамд оролцсон БНМАУ-ын баг тамирчдаас хамгийн бага залуу нь тухайн үед 16 настай Я. Туяа байсан бол хамгийн ахмад нь 30 настай Т. Цэрэндондов байлаа. Анх 1964 оны Токиогийн олимпийн наадамд 21 тамирчин оролцсноос чөлөөт бөхийн тамирчин Ж. Мөнхбат 3 тойрогт ялж, 7-р байрт орсон нь тухайн үеийн хамгийн өндөр амжилт болж байсан түүхтэй. МУГТ, МУГБ Ч. Дандиншарав буюу Дамийл гуай тухайн үед 20-хон настай байж. 60 кг-ээс хасч 52 кг-д хүч үзсэн тэрээр ёстой л залуу насны ааг омгоор л өлсч цангахыг мэдэхгүй барилдаад л ирсэн хэмээн хуучилсан байдаг юм. Өвөө, аав нь хэлмэгдсэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын жирийн нэг малчин айлын хүү тив дэлхийн шилдэгүүд хуран цугласан олимпийн наадмын дэвжээнд өрсөлдөхөөр 8 нөхдийн хамт Владивосток хүртэл онгоцоор аялж, тэндээсээ усан онгоцоор Японд хүрсэн гэдэг. Анхныхаа наадамд оролцсон Монголын тамирчдын хурд хүч, авхаалж самбааг тухайн үед гадны шинжээчид ч онцолж, "Монголчууд дараачийн олимпоос медаль авах юм байна. Адууны сүүгээр угжуулж өссөн Монголчууд их хүчтэй байна” гэж хэвлэлүүдэд бичиж байсан түүх ч бий. Үүнийг Монголын тамирчид баталж, дараачийн буюу 1968 оны олимпийн наадмаас анхны олимпийн медалийг хүртсэн билээ.

1964 оны Токиогийн Олимпийн наадмын үеэр

0 сэтгэгдэл байна.