Дэлхий дахинд
22
2016.02.15. 16:38 181 0

Тианжинь хотын химийн үйлдвэрүүдийг шилжүүлнэ

Шалгалтаар 85 аж ахуйн нэгжээс зөрчил илрүүлж, зохих арга хэмжээг авахаар болсон байна. Энэ хотод өнгөрсөн жилийн 8-р сард аюултай химийн бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт болсон юм.  Хотын захиргаанаас дахни ийм хэрэг  гарахаас сэргийлж аюулгүй  ажиллагааны шалгалтыг хийж, 10 гаруй химийн үйлдвэрийг хотоос гаргахаар болсон  гэж Синхуа агентлаг мэдээлжээ. Энэ дэлбэрэлт нь Шинэ Биньхай дүүрэгт гарсан. Аюулгүй ажиллагааны шалгалтыг явуулсан ажлын хэсгийнхний мэдээлснээр  Шинэ Биньхай, Шань Юйхоу дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа 85  химийн үйлдвэр зөрчилтэй байсан юм байна. Ингэснээр 9 үйлдвэрийн газрыг хааж, 10-ыг нь нүүлгэн шилжүүлэхээр болсон гэнэ. 2015 оны 8-р сард болсон дэлбэрэлтийн дараагаар хотын захиргаа химийн үйлдвэрүүдийг орон сууцны бүсээс 10 км зайтай орших Наньган аж үйлдвэрийн бүс рүү шилжүүлэх шийдвэр гаргасан юм. 200 кв км талбайтай аж үйлдвэрийн бүсэд Tianjin Chemical Plant, Tianjin dagu Chemical Plant  гэсэн 2 томоохон үйлдвэрийн газрыг хотын захиргаа 29 тэрбум юань буюу 4,4 тэрбум орчим ам доллараар нүүлгэн шилжүүлсэн юм. Руихай Ложистикс компанийн химийн үйлдвэрт болсон дэлбэрэлт нь химийн бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах дүрмийг  зөрчснөөс үүдсэн гэсэн дүгнэлт гарсан юм. Энэ дэлбэрэлтээр 798 хүн гэмтэж бэртэн, 165 хүн амь насаа алдаж, 8 хүн одоог хүртэл ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа. Эдийн засгийн шууд хохирол нь 6,86 тэрбум юань буюу 1,1 тэрбум орчим ам долларт хүрсэн юм. Одоогийн байдлаар Тианжинь хотын захиргаа шинэ химийн үйлдвэр байгуулах эсэхээ хараахан шийдээгүй  байгаа гэнэ.

0 сэтгэгдэл байна.