Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.15. 09:42 221 0

Өнөөдрөөс Улаанбаатарт хүн тээврийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд хязгаарлана

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

Улсын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн билээ. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиулсан. Улбар шар түвшний дэглэмд 2021 оны гуравдугаар сарын 15-ны 06.00 цагаас гуравдугаар сарын 28-ны 06.00 цаг хүртэл шилжин ажиллах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа олон нийтэд танилцуулав.

Захирамжид:

  • Гуравдугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд 07.00-22.00 цагийн хооронд ажиллуулна.
  • Улаанбаатар хот дотор хүн тээврийн хөдөлгөөнийг шөнийн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд бүрэн хязгаарлана. Хязгаарласан цагт эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ, шөнийн нислэг, тусгай зориулалтын техник хэрэгслүүд зорчино. 

  • Халдвар бүртгэгдсэн газар болон халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг албажуулж тогтоох, үүнтэй уялдуулан шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллана.

0 сэтгэгдэл байна.